байсан Х.Баатарыг авлигын хэрэгт холбогдож, ял эдлэхэд нь наашаа гэж
гар сунгахыг хүсээгүй хүмүүс бий. Ялаа эдэлчихээд гараад ирэхэд нь ч
намын удирдлагууд нь түүнийг ивээлдээ авсангүй. Харин тэрбээр дарга
нартаа болон өөрийг нь хөсөр хаясан хүмүүст гомдолтой байгаагаа
хэвлэлээр дамжуулан олон нийтэд дэлгэлээ. “Гаалийн” хэмээх тодотголтой
Х.Баатарт улсын хөрөнгийг завшсан, авлига авсан гэж найман жилийн ял
ногдуулсан. Энэ хугацаанд тэрбээр намынхаа удирдлагуудад (2006 онд
МАХН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболд, намын Ерөнхий нарийн бичгийн
дарга С.Баяр байв) эрх чөлөөтэй болгож өгөхийг хүссэн захидал илгээсэн
боловч эзэндээ хүрээгүй юм. Авлига, намын хандивт зарцуулсан гэх мөнгө
Х.Баатарын дамжуулснаар хуучнаар МАХН-д орж байсан. Гэвч энэ асуудал
сөхөгдөж эхлэхэд Х.Баатартай гар барилцан нөхөд явсан хүмүүс буруу харж
эхэлсэн. Тухайлбал, одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр, Сангийн сайд
Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай,
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар нар юм.
Н.Энхбаяр. Тэрбээр 2005-2009 онд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч
байлаа. Энэ хугацаанд улс төрийн бүхий л эрх мэдэл, хуучнаар МАХН-ын
гишүүдийн хувь заяа зөвхөн түүнээс хамаардаг байсан гэхэд буруудахгүй
болов уу. Эрх мэдлээр бялхаж явахдаа Н.Энхбаяр Х.Баатарыг Гаалийн
ерөнхий газрын даргаар томилж байжээ. Ингээд өнөөх “Гаалийн” Х.Баатарын
авлига, хээл хахуулийн эхлэлийг тавьсан хэрэг. Н.Энхбаяр тухайн үед
Х.Баатарыг ашиглаж, дараа нь хаясан хүн. Гэтэл өнөөдөр өөрөө улс төрийн
хоригдол болчихлоо хэмээн гомдоллож сууна. Х.Баатарын хувьд Н.Энхбаярыг
буруутгаж, бас зөвтгөхийг хүссэнгүй. Харин “Хэн нэгнийг хэлмэгдүүлж, улс
төрийн золиос болголоо гэхэд тэр хүнийг бурхан гэсгээдэг л гэж ярьдаг.
Хүнийг ядарч явахад нь муулдаггүй ухаан монгол хүмүүст л байдаг. Хүнийг
хэлмэгдүүлж, улс төрийн золиос болголоо гэхэд тэрийг нь хэн ч мэдэхгүй,
магадгүй мэдээгүй өнгөрч болох юм. Харин бурхан харж байдаг байх” гэж
хэлсэн юм. Тухайн үед Х.Баатарт олноороо нийлж бүх хэргээ тохсон гэж
үзэх хүмүүс байдаг. Өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөг юм билээ. Гэсэн ч
тэр үед эхнэрээрээ дамжуулан өөртөө туслахыг хүссэн ч тусыг эс олсон
байна.
Ч.Улаан. Х.Баатартай дотно нөхөрлөсөн хүн бол одоогийн Сангийн сайд
Ч.Улаан юм. Харамсалтай нь тэр жудаггүй эр гэдгээ харуулаад авсан.
Агентлагийн дарга байхдаа Ч.Улаантай нөхөрлөдөг байсан ч нөгөөх нь
түүнийг ял эдэлж байхад нь “Би Х.Баатарыг танихгүй” хэмээн мэдүүлж
байсан гэдэг. Харин Х.Баатар Ч.Улааныг тэгэж хэлээгүй гэдэгт өнөөг
хүртэл итгэж явдаг юм билээ. Сангийн сайд Ч.Улаан 2004-2006 онд Монгол
Улсын Шадар сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан. Хуучнаар МАХН-ын
нөлөө бүхий гишүүн байсан учир “Гаалийн” Х.Баатарын хандивын мөнгөтэй
холбогдсон байна. Тухайн үед Засгийн газрыг унагах тактик эд эрчимжиж
байв. М.Энхболд, Т.Бадамжунай, Ч.Улаан нар голлох үүрэгтэйгээр оролцож
байсан юм. Гэвч Х.Баатарын асуудлаас болж Ч.Улаан хүндхэн байдалд орж
байлаа. Х.Баатар ч амаа үдүүлсэн мэт хэцүү нэртийн хаалга татан хэдэн
жил сураггүй байхад түүнийг түлхсэн “нөхөд” нь улс төрөө үргэлжлүүлсэн.
Хуучин МАХН МАН болж, МАХН нэрийг Н.Энхбаяр авсан. Н.Энхбаяр намынхаа
удирдлагуудад жийгдсэн хонзонгоо авахын тулд зүтгэсээр. Түүний санаж
сэдсэнчлэн МАХН-ынхаа дарга болсон боловч өнөөдөр авлига, хээл хахуулийн
хэрэгт холбогдон ял аваад байгаа. Харин Ч.Улааны хувьд Ардын намдаа
үлдсэн хэдий ч Н.Энхбаяр гэдэг хүнийг дагаж ирснээ үл мартан МАХН-д
элсэх нь тэр. Ингээд Н.Энхбаяр, Ч.Улаан нар нэгдсэн. Өмнө нь
Н.Энхбаяраас албан тушаал, эрх мэдлийг хүртэж байсан нь өнөөдөр ч
нөлөөлж, тэр Сангийн сайд болоод байгаа билээ.
Т.Бадамжунай. Түүний хувьд мөн л Х.Баатарын хэрэгтээ холбогдсон. Тухайн
үед нэр нь дуулдаж байсан хүний нэг. Тэрбээр мөрийтэй тоглож, мөнгө
завшсан, хандив авсан гээд мөнгөтэй холбоотой асуудалд холбогддог. Харин
Х.Баатарын эрх чөлөөтэй болсноосоо хойш уулзсан анхны хүн нь
Т.Бадамжунай байж. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхад
нь түүнтэй уулзаж, ажил асуусан аж. Түүнийг ажилд оруулахаар хөөцөлдсөн
хэдий ч бүтээгүй гэдгийг Х.Баатар хэлж сууна. Хэдийгээр өнөөдөр ажил олж
өгөхийн төлөө зүтгэсэн гэх боловч үнэн хэрэгтээ ял авч байхад нь дуугүй
л өнгөрсөн хэсэг “нөхөд”-ийнх нь нэг юм.
Ц.Оюунбаатар. “Гаалийн” гэх Х.Баатарын хэргийг сөхөхөд юун түрүүнд 2006
оны есдүгээр сарын 13-нд бичсэн түүний захиа анхаарал татна. Тэрбээр
намын дарга нартаа “туслаач” гэх утгатай захиа бичиж, Ц.Оюунбаатараар
дамжуулсан боловч нэг мэдэхэд захиа нь хэвлэлийн хуудаснаа гарсан юм. Уг
нь тухайн үед хоёр дахь шатны шүүх хурлаар түүний хэргийг хөнгөлж, бүр
хэрэгсэхгүй болгож болох байжээ. Гэвч УИХ-ын гишүүний тангарагаа
өргөхөөр хоног тоолон хүлээж суугаа Ц.Оюунбаатарын “буян”-д мөрөөдөл
болон үлдсэн байна. Тааралдахаараа зугтдаг “найз” Ц.Оюунбаатар өнөөдөр
мөн л Н.Энхбаяртай нэгдсэн бөгөөд түүний ивээлээр УИХ-ын гишүүн болохоо
хүлээж байгаа юм. Ц.Оюунбаатар 2000 онд УИХ-ын гишүүн байсан бөгөөд
Татварын ерөнхий газрын даргаар хоёр жил ажиллаж байв. Түүний хэлснээр
“Гааль, татварын байгууллага авлигад өртдөг байсан бол бид үүнийг
өөрчилж чадсан. Үүнээс болж улс төрд зөрчилдөөн үүссэн. Мөн намтайгаа
зөрчилдсөн” аж. Ямартай ч тэрбээр Х.Баатарт яаж хандсан шигээ Н.Энхбаярт
хандахгүй нь мэдээж. Харин ч Н.Энхбаярыг улс төрийн хоригдол боллоо
хэмээн өмгөөлж суугаа.
“Гаалийн” Х.Баатар “Намд нөлөө бүхий, тухайн үед засагт өндөр албан
тушаал хашиж байсан хүмүүсийн хоорондын тэмцлийн золиос болсон гэж
боддог” хэмээн өөрийгөө өмгөөлж байна. Харин нэгэн үе найз гэж бодож
явсан хүмүүс нь түүний энэ үгийг хэрхэн хүлээж авах юм бол доо.