Жолооны үнэмлэхийг ирэх сараас хэвлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Жолооны үнэмлэхийг ирэх сараас хэвлэнэ

Жолооны үнэмлэх хэвлэдэг “DMIT” компаниас болоод үнэмлэх хэвлэгдэхгүй гацаанд ороод удаж байгаа билээ. Тиймээс үнэмлэх хэзээ хэвлэгдэж эхлэх талаар ЗЦГ-ын мэргэжил техник хяналтын хэлтсийн дарга Цагдаагийн ахмад Г.Өлзийсайханаас тодрууллаа.

-Хэчнээн жолооны үнэмлэх хэвлэгдэхээр хүлээгдэж байгаа вэ?

-Жолооны үнэмлэхний бэлдэц материалыг нийлүүлдэг “DMIT” компани хариуцлага алдсанаас олон иргэн жолооны үнэмлэхээ авч чадахгүй байгаа. Одоогийн байдлаар 30 гаруй мянган жолооний үнэмлэх хэвлэгдээгүй хэвлэлтэд орохоор хүлээгдэж байгаа.

-Тендерт ялсан “Смарт солушин” компани энэ сарын 15-аас эхлэн жолооны үнэмлэх хэвлэнэ хэмээн мэдэгдэж байсан. Яагаад хэвлэгдэхгүй байгаа юм бэ?

-“Смарт солушин” компани жолооны үнэмлэх хэвлэдэг карт, принтерийн хор шалгах төхөөрөмж болон дагалдах хэрэгслээ захиалаад авах гэхээр цаад компани нь нийлүүлэхгүй байгаа. Учир нь энэ бүгдийг нийлүүлэх “Торan” компани өмнө нь жолооны үнэмлэх хэвлэдэг байсан “DMIT” компанитай ямар нэгэн маргаантай байгаа юм билээ.

-Өөр олон хэвлэлийн компани байхад яагаад заавал “Торan” компанитай хамтарч ажиллах ёстой юм бэ?

-Бид энэ байдлаас гарах гаргалгаа хайж байгаа. Шинээр “Nisca” гээд хэвлэлийн компанитай хамтарч ажиллах талаар судалж байна.

-Өөр компанитай хамтарч ажиллахаар жолооны үнэмлэхний нууцлалын асуудал нь мөн яригдах байх?

-Техник технологи хөгжөөд юуг ч дуурайлгаад хийдэг болсон. Тиймээс одоо байгаа жолооны үнэмлэхийг ч замын цагдаа нар гаднаас нь хараад жинхэнэ хуурамч эсэхийг хэлж чадахгүй. Тиймээс замын цагдаа нарт жолооний үнэмлэх шалгах багаж өгнө. Уг багаж тухайн жолооны үнэмлэхийг жинхэнэ хуурамч эсэхийг тогтоох учир ямар ч компанитай хамтарч ажилласан ялгаагүй байх болно гэж тооцоолж байгаа. Эсвэл сөрөг үр дагавар байна уу гэдгийг одоогийн байдлаар судалж байна.

-Тэгвэл удахгүй жолооны үнэмлэх хэвлэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Хэрэв “Смарт солушин” компани шинэ компанитай хамтарч ажиллахаар болбол тун удахгүй жолооны үнэмлэх хэвлэгдэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, одоо хийгдэж буй судалгаа нааштай хариу гарвал ирэх сараас жолооны үнэмлэх хэвлэгдээд эхлэх байх гэж бодож байна.

-Жолооны үнэмлэх хэвлэгдээд эхэлвэл хүн бүр үнэмлэхээ авах гэж яарах болно. Ямар зохион байгуулалттайгаар хэвлэх бэ?

-Хэвлэгдэх дарааллаараа одоо батлагдаад явж байгаа. Тиймээс одоо хүлээгдэж байгаа 30 мянган үнэмлэхийг тэр дарааллаараа л хэвлэнэ. Ер нь жолооны үнэмлэх нэгэнт хэвлэгдээд эхэлвэл 24 цагаар ч хамаагүй ажиллаж маш хурдан, шуурхай хүлээгдэж буй үнэмлэхийг гаргах болно.

-Одоогийн байдлаар хэчнээн түр үнэмлэх тараагдаж байгаа вэ?

-Үнэмлэхээ яаралтай авах шаардлагатай хүмүүс сурч байгаа жолооны курсдээ хүсэлт гарган түр үнэмлэх авч байгаа. Өдөрт 200 гаруй түр үнэмлэх тараагдаж байгаа гэж бодохоор ойролцоогоор өнгөрсөн хугацаанд 20 мянган гаруй түр үнэмлэх тараагдсан байна. Уг үнэмлэх нь хоёр сарын л хүчинтэй байдаг.

Ж.ОТГОНМЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж