Хятадаас хараат монгол нүүрс

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Хятадаас хараат монгол нүүрс

Энэ жил манай улс 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч есдүгээр сарын байдлаар ердөө 11 сая тонныг гаргаад байна. Өмнөговь аймгийн Овоот толгой, Тавантолгой нүүрсний ордоос нүүрс олборлодог таван компани нийлээд өнгөрсөн жилд 25 сая тонн нүүрс экспортолж, улсын төсөвт нэг тэрбум гаруй ам.долларын орлого төвлөрүүлж байлаа.
Манай улсын эдийн засгийн өсөлт, экспортын тэсрэлт Хятадын үйлдвэрлэлийн өсөлтөөс шууд хамаарч байгааг энэ жил экспортлосон 11 сая тонн нүүрс ойлгуулж байна. Мөн Монголын нүүрс нийлүүлэгчид нэг зах зээлээс хараат байхын сул тал үүнээс харагдаж байна. Жишээ нь, МАК энэ онд долоон сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч одоогоор 3,5 сая нүүрс гаргажээ. Долоон сая тонныг олборлоод, түүнийгээ экспортлох техникийн бүрэн боломж байсан ч Хятадын нүүрсний зах зээл дээрх үнийн уналтаас болж өнгөрсөн жил экспортлосон 5 сая тонноос давахгүй байж магадгүй байна. Сайтгоби Сэнд ч гэсэн энэ жил 4 сая гаруй тонн нүүрс Овоот толгойгоос олборлосон ба үүнийхээ 2 сая гаруйг экспортлоод байгаа аж. Компани одоогоор уурхайгаа хааж, нүүрсний үнэ сэргэтэл үйл ажиллагаа явуулахгүй байгаа.

Саутгоби, Чинхуа Мак, МАК болон орон нутгийн Тавантолгой компаниудын бүх нүүрсийг уурхайн амнаас нь худалдан авдаг тээвэр ложистикийн Винсвей компани манай нийлүүлэгчдийг үнээ буулгахыг шаардаж байгаа гэж эх сурвалж ярьж байна. Одоо Овооттолгойн хагас кокжсон сайн чанарын нүүрс нэг тонн нь 50 доллар хүрэхгүй 40 гаруйгаар үнэлэгдэж байна. Өнгөрсөн жил Овоот толгойн нүүрсийг 57 орчим ам.доллараар зарж байсан юм.

Өнгөрсөн онд Тавантолгойн орд дах Энержи Ресурс зургаан сая, Тавантолгой ХК мөн зургаан сая тонн нүүрс гаргасан ба энэ онд 2012 онд тус бүр долоон сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байсан билээ. Одоогоор олборлоод байгаа 11 сая тонноос харах юм бол эдгээр компаниуд тус бүр хамгийн ихдээ 3 сая тонныг гаргасан байх гэдэг ойлголт төрж байна. Орон нутгийн Тавантолгойн хувьд нүүрсний замыг нь шаардлага хангахгүй байна хэсэг хугацаанд хааснаас болж экспорт нь бага зэрэг гацаж байсан. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний экспортыг энд оруулсангүй, яагаад гэвэл компани Чалкогоос зээлж авсан 250 сая гаруй ам.долларын урьдчилгаа зээлээ төлөх гэж нүүрсээ гаргадаг.  Манай коксжих нүүрснийг бүгдийг нь 100%  худалдаж авдаг Хятадын гангын үйлдвэрүүдийн огцом уналт кокжсих нүүрсний зах зээлийг бүхэлд нь урьдчилан төсөөлөөгүй үнийн дарамтад оруулж байна. Хятадад ган үйлдвэрлэдэг хоёр гол түүхий эд  болох коксжсон нүүрс, төмрийн хүдрийн үнэтэй зэрэгцэн унаж байна.

Хятадад зургадугаар сарын сүүлээс эхлэн 9 сар хүртэл тонн нүүрсний жишиг үнэ хоёр жилийн хугацаан дах хамгийн доод хэмжээнд хүрч, нэг тонн 98,50 ам.доллар болж унасан юм. Мөн есдүгээр сард төмрийн хүдрийн үнэ шалдаа бууж 87 ам.доллар /нэг тонн/ болсон. Яг энэ үеийг Хятадууд ашиглаж  2 жилийн турш авч байгаагүй их хэмжээгээр төмрийн хүдэр импортлосон юм. Есдүгээр сард нийт 65 сая тонн төмрийн хүдэр экспортлосон нь 2011 оны нэг сараас хойш үзэгдээгүй их хэмжээ юм. Энэ мэдээ коксжих нүүрсний зах зээлд үнийн өсөлт авчирах байх гэдэг бяцхан найдвар төрүүлсэн ч үнэ өснө гэдэг баталгаа өгч чадахгүй.

Өвөр Монголын өөртөө засах засгийн газрын нүүрсний агентлагийн орлогч захирал Чен Зе: “Цемент, ган үйлдвэрлэгчид зэрэг эрэлтийг тодорхойлогч гол үйлдвэрүүдийн эрэлт улам удаашрах байх гэж Ройтерст хэлжээ. Мөн хятадын зах зээлд хэт их импортлосон нүүрс удахгүй илүүдэл нийлүүлэлт үүсгэнэ” гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Дэлхийн эдийн засгийн байдлаас шалтгаалж ашигт малтмалын түүхий эдийн үнэ унаж л байдаг өсж л байдаг. Ийм үеэр ямар тактиктай ажиллах нь нүүрс нийлүүлэгчдийн хувийн асуудал.

Нэг улсаас хараат байдлаа ч өөрчлөх хэрэгтэйг бид бүгд мэднэ. Жишээ нь, коксжих нүүрсний импортоор  Хятадын дараа Япон ордог. Япон өнгөрсөн жил 73 сая тонн нүүрс импортлосон ба энэ оны эхний хагаст 34,3 сая тонныг импортоор аваад байна. Хэрвээ бид тэр далайн боомтод Хятадаар байна уу, Оросоор байна уу, аль нэгийнх нь нутгаар дамжуулан аваачиж чаддаг л юм бол өөр улсуудад зарах сонголтоо өргөтгөж, эрсдлээ бууруулах боломж биднийг хүлээж байна.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж