Хүүхдийн мөнгө тараах шийдвэрийг АН гаргахдаа “Хүүхдийн мөнгийг олгох нь зөв үү, эсвэл буруу юу” гэх судалгаа явуулахад хөдөөгийнхний 92.8 хувь, нийслэлчүүдийн 81.7 хувь нь “Хүүхдийн мөнгө олгох нь зөв” гэж хариулсан байсан. Харин хүүхдийн мөнгө олгох нь огт буруу гэж ердөө таван хувь нь хариулсан аж.
Хөдөө, хотын дунджийг аваад үзэхээр санал асуулгад оролцогчдын 87 хувь нь хүүхдийн мөнгө авах нь зөв гэсэн учраас дээрх шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ энэ судалгаа хүүхдийн мөнгө өгөх нь зүйтэй гэх бус харин Монголын ард иргэдийн 90 орчим хувьд нь 20 мянган төгрөг ямар их хэрэгтэй байгааг харуулж байх шиг. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн судлаач, багш З.Оюунцацрал “Хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулах нь зөв. Гэхдээ энэ удаагийн шийдвэрийн мөнгө олгох механизм нь буруу байх шиг. Хэрвээ манай эцэг эхчүүд бүгд хүүхдийн мөнгөө аваад хадгаламжийн дансанд хийвэл энэ бол хүүхдийнхээ ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт. Гэтэл бэлнээр аваад дэлгүүр орвол мөнөөх л яригддаг үнийн хөөрөгдөл болж магадгүй. Гэхдээ хүн бүрт олгох 21 мянга, хүүхэд бүрт өгөх 20 мянгын эдийн засаг дахь сөрөг нөлөөллийн хувьд өөр” гэв. Гаднын ихэнх оронд улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудад мөнгө олгодог тогтолцоо бий. Тэгэхдээ ихээхэн ухаалаг бодлого хэрэгжїїлдэг байна. Тухайлбал, Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куан хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эхийн цалингаас нь авдаг зарим төрлийн татварыг чөлөөлөх, гурав дахь хүүхдээ төрүүлбэл нөхрийг нь давхар чөлөөлөх зэргээр гэр бүл салалтыг хүртэл төрөлттэй уяж шийдсэн байдаг байна. Энэ нь нэг талаар залуу гэр бүлийг дэмжээд зогсохгүй нийгэмд бэлэн мөнгө тараалаа гэх сөрөг ойлголт гарахгүй байх сайн талтай аж. Мөн ХБНГУ шинээр төрсөн хүүхдийн нэр дээр зөвхөн дансны эзэн нь насанд хүрсэн хойноо захиран зарцуулах боломжтой данс нээж улсын төсвөөс нь тодорхой мөнгийг хуримтлуулдаг байна. Харин манай Засгийн газар хүн бүрт хүүхдийн мөнгөө авахгүй байж болох сонголтыг үлдээж байгаа гэнэ. Нийт хүүхдийн тал хувь нь мөнгөө авахгүй бол улсын дансанд 130 орчим тэрбум төгрөг гарч ирэх бөгөөд тэр мөнгөөр улс өдгөө зайлшгүй шаардлагатай байгаа цэцэрлэг, сургуулийн тоог нэмэх юм байх. Одоогоор 100 ортой нэг цэцэрлэгийг 500-600 сая төгрөгт багтаан барьж байгаа аж. Харин улстөрчдийн энэ мэт гаргалгааг эдийн засагчид болоод судлаачид эгдүүцэж байгаагаа нуугаагүй юм. Учир нь төр хүссэн ч хүсээгүй ч ард иргэдийнхээ сурч боловсрох, эрүүл аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх үүрэгтэй. Төр угтаа үйлчилгээний байгууллага шүү дээ. Түүнээс биш, ард түмэн мөнгө авахгүй бол төр цэцэрлэг, сургууль байгуулна. Үгүй бол чадахгүй гээд суух нь ичгэвтэр хэрэг юм. Оюунцацрал судлаач “Хүүхэд бүрт 20 мянган төгрөг бэлнээр олгох нь үр ашиггүй. Гэхдээ бэлнээр авахыг нь хориглож болохгүй байх. Тийм учраас иргэдэд сонголтыг нь үлдээх хэрэгтэй. Тухайлбал, бэлнээр авах, хадгаламжийн дансанд урт хугацаатай, өндөр хүүтэй хадгалуулах, цаашлаад боловсролын даатгалд хамрагдах гээд төрөл бүрийн арга байж болно” гэв. Харин хорих эсвэл асрамжийн газар байгаа хүүхдийн тухайд асран хамгаалагч, халамжлагч нь мөн гэсэн бичгийг харъяа хороо, сумын Засаг даргаас авч тухайн хүүхдийн нэр дээр данс нээлгэнэ. Гэхдээ тэдний нэр дээр харилцах биш хадгаламжийн данс нээж 16 нас хүртэл нь өөр хэн ч захиран зарцуулах эрхгүйгээр хадгалах юм байна. Уг нь хүүхэд бүрийн мөнгийг харилцах биш хадгаламжийн дансанд өндөр хүүтэй төвлөрүүлбэл Монголын үрс маш олон болохыг дэмжсэн төрийн бодлого зөв явах болов уу.
Хамгийн сүүлийн судалгаагаар ядуурлын түвшин 29.8 хувьтай байгаа дүн гарчээ. Энэ тоонд итгэхэд бэрх ч Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу гэдэг яахын аргагүй үнэн. Эдгээр ядуу иргэдэд 20 мянган төгрөг хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулна гэхээсээ илүү өнөө маргаашийн өл зогооход зарцуулагдах нь тодорхой. Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Энхтөр “Манайх ам бүл тавуулаа. Эхнэр бид хоёрын сарын цалин нийтдээ нэг сая гаруй төгрөг болдог. Гэхдээ л улсаас өгдөг 21 мянган төгрөг хэрэг болоод л байсан. Ирэх сараас өгөх 20 мянган төгрөг ч мөн адил цахилгааны мөнгөнд нэмэр болох л байх” гэсэн юм. Сарын сая төгрөгийн орлоготой нийгмийн дундаж давхаргын төлөөлөл гэр бүл ийн ярьж байна. Мөн өнөөгийн нийгэмд хүүхдийнхээ мөнгөөр архи аваад уучихаж мэдэх барьцгүй эцэг эх, гэр бүл цөөнгүй байгаа нь нууц биш.
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn