УИХ-ын даргын өрөөнд дайрч орсон МАН-ын 25 гишүүн “Өвөрхангай аймгийн X тойрогт нэр дэвшиж түр үнэмлэхээ аваад байсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын оронд АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нарыг маргааш тангараг өргүүлэхээр шийдсэнийг эсэргүүцэж байна” гэдгээ юун түрүүнд илэрхийллээ.
Ө.Энхтүвшин гишүүн “CЕХ-ны гаргасан шийдвэр хууль бус. Сонгогчдын саналыг уландаа гишгэлээ. Ардчилал байхгүй болж байна. Тиймээс маргааш тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулаач гэдэг шаардлага тавьж байна. Яагаад гэвэл энэ асуудал шүүхийн шатанд явж байхад тангараг өргүүлнэ гэдэг нь хууль бус. Тиймээс тангараг өргөх хугацааг хойшлуулж өгнө үү” гэв. УИХ-ын дарга үүний хариуд “Чуулган маргааш 10.00 цагаас хуралдана. Чуулган дээр энэ асуудлаа тавих хэрэгтэй. Би үүнийг ганцаараа шийдэхгүй. Тиймээс чуулганы хуралдаанаар шийдвэрлэе” гэлээ.
Харин МАН-ын гишүүн Су.Батболд “Бүгдээрээ байгаа дээрээ одоо шийдье. Ярих зүйлээ адилхан ярих хэрэгтэй. Нэгийг нь хасаад, нөгөөг нь ярьж болохгүй. Ийм парламент гэж байдаг юм уу” хэмээн уурссан бол УИХ-ын гишүүн Н.Энхболд “Монгол орон юу болоод байна. Бид энэ талаараа шаардлага тавьж байна. Үүнийг яагаад авч үзэхгүй байгаа юм” гэлээ. Ц.Нямдорж гишүүн энэ үед “УИХ-ын 25 гишүүн, цаашлаад хагас сая сонгогчийн төлөөлөл зогсож байна. З.Энхболд хууль бусаар томилогдсон. УИХ-ын дарга мөн үү гэдгийг асуумаар байна” гэхэд С.Баярцогт гишүүн “УИХ-ын даргад хандаж байгаа бол тэр асуудлаа ярих хэрэгтэй. Өөр асуудал ярих хэрэггүй” гэсэн тайлбар өглөө. Гэтэл Ц.Нямдорж гишүүн үргэлжлүүлээд “УИХ-ын даргынхаа байр суурин дээр бай. УИХ-ын дарга гэдэг чинь алтан дунджийг барьдаг албан тушаал. Ямар суудал дээр сууж байгаагаа ойлгох хэрэгтэй. Та үүнийгээ ойлгохгүй гурван сар явлаа” гэхэд УИХ-ын дарга “Ойлголоо. Танай гишүүдийн ахлагч Ө.Энхтүвшин үлдэж, УИХ-ын даргын зөвлөлийн хуралд оролц. Бусад гишүүд нь гараад байж бай” гэснээр байдал арай намжсан юм.
Харин МАН-ын гишүүн С.Батболд /Ерөнхий сайд асан/ “Бид бүх асуудал дээр тэвчээртэй, хүлээцтэй хандаж байгаа. Тэвчээртэй байна гэдэг бол сул байгаан шинж биш. Биднийг ингэж буруу талаас нь ойлгож, дарамт шахалт үзүүлж болохгүй байх гэж бодож байна. Хамтраад бүхнийг босгож, бүтээсэн туршлагатай улстөрчид байгаа. Бидний тавьж байгаа асуудал зарчмынх. Тиймээс урьдчилж орж ирээд саналаа хэлье гэсэн нь энэ. Хариуцлагатай, туршлагатай улстөрчид байгаа учраас бидний ярьж байгаа зүйлийг углуургаар нь ойлгох байх. Бидний тэвчээрийг ингэж шалгах нь улс оронд сөрөг зүйл болно. Үүнийг нухацтай бодооч. Аргаа ядсан, аашаа гаргах гэсэн алхам биш юм аа” гэлээ.
Ингээд УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд МАН-ын гишүүдийн ахлагч Ө.Энхтүвшин оролцож, Өвөрхангайн асуудлаар хэлэлцэхээр боллоо. Энэ талаар маргааш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.