Интернэтийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Интернэтийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзлаа

Монгол Улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй 85 байгууллага байдгаас 30 орчим компани байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгвэл эдгээр интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудтай Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа өнөөдөр танилцах уулзалт хийлээ.  Уулзалтын үеэр интернэт компаниудын төлөөлөл болох  Мобинет, Жэмнет, Райлком, Улуснэт зэрэг байгууллагаар зочилж, тулгарч буй бэрхшээл, амжилт ололтын талаар ярилцжээ. 

Техник технологийн дэвшил цаг хугацаатай уралдан хөгжихийн хэрээр интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын идэвхтэй хэрэглэгч буурах хандлага байгаа гэнэ. Энэ нь IPTV буюу гурвалсан үйлчилгээтэй холбоотойг салбарынхан хэллээ. Иймээс хэрэглэгчдээ алдахгүйн тулд байр, орцонд хүртэл үйлчилгээ үзүүлдэг интернэтийн жижиглэн борлуулагчдыг цэгцлэх нөхцөл шаардлага байгааг салбарын удирдлагад уламжилсан юм. Үүнээс гадна интернэт хэрэглэгчдийн цар хүрээг тэлж гэр хорооллыг интернэтжүүлэх үүднээс Wi-Fi үйлчилгээний лиценз олголтыг эрчимжүүлэх шаардлага байгаа. Гэвч холбогдох байгууллага нь энэ асуудалд хойрго хандаж байгаатай интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд санал нэгдэж байлаа.  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга тус газрын дэргэд  ISP зөвлөл байгуулахаар болжээ. Энэхүү зөвлөл нь аж ахуй нэгжүүдийн төрд хүргэх санаа бодлыг дамжуулдаг, асуудлыг хэлэлцдэг цаашдын хамтын ажиллагааны томоохон үндэс суурь болох юм байна.

Б.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж