Обама, Ромниг зогсоож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Обама, Ромниг зогсоож чадах уу?

Монголын цагаар 10 дугаар сарын 4-ний өглөө болсон эхний мэтгэлцээнд Ромнид илт ялагдсан Обама, өнөөдөр өглөө болсон хоёр дахь мэтгэлцээнээр хариугаа авч чадлаа. Арчилсан намынхны эсрэг хийсэн хоёр дахь тактик ийнхүү амжилттай болсон нь энэ. Одоо харин шийдвэрлэх мэтгэлцээн хэрхэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Сүүлийн хэдэн жилийн турш болж байгаагүй өрсөлдөөнтэй мэтгэлцээн энэ жил тохиож байна. Нийт үзсэн хүмүүсийн тоогоор NBA-н финалаас давсан энэ мэтгэлцээн олон зүйлийг хөндлөө. Цагаачлал болоод залуусын оролцоо, улс орны хөгжлийн тухай ярилцсан энэ мэтгэлцээний хяналтыг Ардчилсан нам ашиглаж байсан гэхэд болно.

Обама эргэн ирлээ…

Энэ бол АНУ-н сонинуудын нүүрнээс харж болох үгс. Цахим ертөнцөд ч энэ үг хит болоод байна. Улс төрийн ажиглагчид энэ хоёр нэр дэвшигчийн хоёр дахь мэтгэлцээн тэнцүүхэн болно, Обама ялимгүй хувийн саналаар ялалт байгуулна гэж таамаглаж байсан нь ийнхүү биелэлээ оллоо. Одоогоос гурван долоо хоногийн өмнө ажиглагчын нүдэнд дахин сонгогдох магадлал багатай мэт харагдаж байсан ерөнхийлөгч өөрийн байран дээрээ бат зогсох мэт байсан нь олон нийтийг гайхшруулсан үзэгдэл болсон билээ. Ялангуяа Ромниг дэмжигчдын тоо нэг хоногт л 270 мянгаар нэмэгдээд байгаа түгшүүрт мэдээ ноёл байгаа энэ мөчид ялалт байгуулсан нь улстөрийн уур амьсгалыг хаашна ч эргүүлж магадгүй үйл явдал болов.
 
“Обама үнэхээр сайн байлаа түүний хэлсэн ишлэлүүдийг түүхэнд бараг тэмдэглэж ч болохоор л байна. Маш тайван бөгөөд өрсөлдөгчөө өөрөөсөө илүү гаргахгүй тэр дор нь товч тодорхой няцаалт өгч, хариулж байсан нь түүнийг ялалтад хөтлөх гол хөшүүрэг байсан байж болох” гэж CNN агентлагийн тоймч Марк Мардель ярьжээ. Чухам энэ цаг мөчид нийт америкчуудад төдийгүй дэлхий нийтэд Обама, Ромниг зогсоож чадах уу гэдэг маш том асуултыг үүсгээд байгаа нь лавтай.

Хүчтэй өрсөлдөөн…

Ромнийгийн эдийн засгийг хөгжүүлэх бодлогын дараа мэтгэлцээний уур амьсгал хамгийн хурц, ширүүн, халуухан үедээ ирсэн юм. “Хамгийн гол нь бодлого гэдэг бол тодорхой байх ёстой. Бодлого олон тийшээ салах тусам үр дүн нь багасдаг. Нэг ийм мэргэн үг байдаг байхаа. Хүн юу бодно түүнийгээ ярина гэж” хэмээн Обама мэтгэлцээндээ дурьджээ. Харин дараа нь “Чи дахиж ерөнхийлөгч хийж чадах уу, өнгөрсөн дөрвөн жилд чи ийм болохгүй юм хийлээ гэж олон дахин давтаж байна. Хамгийн гол нь дараагийн дөрвөн жилд үүнээс дээрдүүлэх үү, доордуулах уу гэдэг асуулт хэвээрээ л байна шүү дээ” гэжээ.
 
Үүний дараа Ромни ийн ярьжээ. “Эдийн засаг бараг өсөхгүй, дахиад хоёр сая гаруй хүн ажилгүй болох тийм байдал ойрхон байна. Өнөөдөр АНУ-д төрж байгаа бүх хүмүүс өртэй төрж байгаа. Энэ нь гадаад өртэй л холбоотой. Бид байгалийн хийг дөрвөн долларт хүрэхийг хүсээгүй. Бид ажилгүйдэл байнга огцом хурдтай өсөхийг хүсээгүй. Бид 47 сая хүн хоол хүнсээ талоноор авахыг хүсээгүй. Бид хүүхдүүдийнхээ 50 хувийг коллежид суулгахгүй хар ажил хийлгэхийг хүсээгүй. Бид 23 сая хүн байнга ажил эрж, хайж байхыг хүсээгүй. Бид ер нь муу, муухай зүйлийг хүсээгүй. Обама маш сайн илтгэгч юм. Гэхдээ уучлаарай түүний бодлого амьдрал хэргэжвэл хэцүүхэн л зүйл болно” гэжээ. Мөн тэрээр улс орноо хөгжүүлэх цорын ганц зам нь америкийн дундаж иргэдийг дэмжихэд оршино гэж үзэж байгаа юм.

Ромнигийн ялагдлын шалтгаан

Тэрээр үзэгчдийн тавьсан асуултад хэтэрхий консерватив байр суурьнаас, өрсөлдөгч рүүгээ илт бурууг чихсэн байталтайгаар хариулж байсан юм. Энэ нь ялагдалд хүргэх гол шалтгаан байж болох талтай. Мөн тэрээр гадаад бодлогын асуудал цэргийн ажиллагааг түлхүү дурьдаж байсан бөгөөд дэлхийн тавцанд АНУ-ын нэр хүнд унасан гэдгийг хүчтэй мэдэгдэж байсан нь нийт америкчуудын дургүйг хүргэсэн байж болох. “Уг нь энэ асуудлыг шүүмжилсэн өнгө аястай хэлэх шаардлагагүй байсан юм. Энэ асуудал бол үнэхээр чухал. Хэрвээ үүнийг зөв гаргаж ирсэн бол Ромни ялах бүрэн боломжтой байсан. Гэхдээ нийт америкчуудад түүний өнгө аяс үнэхээр таалагдаагүй” гэж Марк Мардель ярьжээ. Хамгийн гол Обамагийн засаг захиргааны үед хэтэрхий харгис үйлдлийг олон улсад хийсэн гэж ярьсан нь олны анхаарлыг татаагүй байж болох талтай.

Дараагийн асуудал гэвэл өөрийгөө дөвийлгөж байсан явдал. Хэрвээ би тэгвэл, би ерөнхийлөгч болвол гэж ярьсан нь олны дургүйцлийг хүлээгээгүй байж болох юм. Хэдийгээр өмнөх мэтгэлцээнд түүний дайралтууд үр дүнгээ өгсөн ч өнөөдрийн мэтгэлцээнд айралт, давшилтын жор нь ихэдсэн гэдгийг мэргэжилтнүүд баталж байна. Ямар ч байсан түүний алдаан дээр дөрөөлж жирийн иргэдэд хүлээцтэй, ухаантай гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд тайван байж, онч мэргэн үгсийг донжийг нь олж хэлж байсан нь Обамаг ялалтад хөтлөх түлхүүр нь байсан гэдэгт хилсдэхгүй.

Мөн Ромнигийн ялагдлыг үзэгчидтэй шууд харьцах байдлаар хийсэн энэ удаагийн мэтгэлцээний системтэй ойлгож үзэж болох талтай. Обамагийн сонгуулийн кампаниас Ромнигийн бодлого итгэл хүлээхүйц биш гэдэг шумыг дэгдээж байсан нь танхимд цугларсан үзэгчидэд Бүгд найрамдахчууын бодлогыг дахин харах хөшүүргэ болсон байж болох талтай. Ялангуяа залуу үзэгчид түүнээс бодлогыг нь сорьсон олон асуулт асууж байсан билээ.

Бүгд найрамдахчуудын сонгуулийн штабаас баримталж байгаа бодлого хэтэрхий хуучинсаг байсан нь ялагдалд хүргэх гол шалтгаан боллоо. Эхний мэтгэлцээний дараа америкчуудад сонголтыг нь таниуллаа гэх үгийг их ашиглах болсон нь мэтгэлцээний салхийг эргүүлсэн ч байж болох. Мөн зөвхөн Ромни гэсэн суртал ухуулга нь ч өөрийнх нь эсрэг чиглэх сумны нэг байсан юм.

Одоо дэлхий нийт аравдугаар сарын 22-ны Флоридад болох мэтгэлцээнийг хүлээж байна. Мэтгэлцээн бүрээс дараагийн асуулт урган гарч байгаа энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх уур амьсгал ид халуун дээрээ ирлээ. Бүтэн 150 гаруй жилийн түүхтэй энэ хоёрын тэмцэл хэнийх нь ялалтаар дуусах бол. Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намын хооронд өрнөсөн тулаан 18:12-ын харьцаатай байгаа. Бүгд найрамдахчууд зургаан сонгуулиар илүүрхэж байна. Гэхдээ…

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Тоймч Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж