Монголын ЭЗ-ийн хөгжлийн загварыг эрс шинэчлэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Монголын ЭЗ-ийн хөгжлийн загварыг эрс шинэчлэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн салбар зөвлөлийн макро эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах дэд зөвлөлийн хуралдаан өнөөдөр “Иргэний танхим”-д болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын төсвийн болон эдийн засгийн байнгын хороод хамтран зохион байгуулж буй энэ хүү хуралдааныг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж даргалж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нордикийн хөгжлийн загвар”, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Гүрж улсын эдийн засгийн шинэчлэл”, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Эрдэнэбат “Макро эдийн засгийн эрсдэлүүд, түүнийг шийдвэрлэх арга замууд” гэсэн илтгэлүүд тавьж, оролцогчдын асуултад хариуллаа.
 
Илтгэгчид Скандинавын орнуудын, тэр дотроо Норвегийн хөгжлийн загвар, түүний давуу, сул талууд, онцлог, эдийн засгийн гол үзүүлэлтүүдээр дэлхийн орнуудын дотор эхний байруудыг эзэл буйн учир шалтгаан, Гүрж улс Монголоос доор түвшнээс эдийн засгийн шинэчлэлийг эхэлсэн атлаа яаж авлигал, хүнд суртлын асуудлуудаа шийдэж биднээс илүү амжилтад хүрсэн, энэ жишгээр Засгийн газар юу хийхээр төлөвлөж буй, макро эдийн засгийн эрсдэлүүд, тэдгээрийг тооцон харьцуулж шийдвэр гаргах боломжийн талаар ярив.
 
Норвеги нь эдийн засгийн оновчтой бодлогоор үндэсний салбаруудаа, тухайлбал газрын тос, байгалийн хийн олборлолт, боловсруулалт, загасны аж ахуй , хөлөг онгоцны үйлдвэрлэл, усан замын тээвэр, металын олборлолт, боловсруулалтыг амжилттай  хөгжүүлсэн байна. Ингэхдээ төрийн багагүй оролцоо, хяналт, зохицуулалтыг чөлөөт эдийн засагтай зөв хослуулж чаджээ. Гадаад худалдаанд хямд импорт, үнэтэй экспортын  таатай нөхцөлийг бий болгон, үндсэн хөрөнгө хуримтлуулахад хөрөнгө оруулалт ихээр хийж технологийн гүйцэж түрүүлэх, хуулбарлах аргыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Газрын тос, байгалийн хий зэрэг түүхий эдийн нөөцөөс олох орлогыг хатуу чанд дүрмээр зохицуулж, ирээдүйдээ нөөцлөх зорилгоор Засгийн газрын тэтгэврийн санд хөрөнгө оруулалт хийдэг. Сангийн нийт орлогын 4%-ийг улсын төсвийн зорилгоор зарцуулдаг. Эдийн засгийн нэгдсэн бодлогоор уул уурхайн бус салбаруудыг амжилттай хөгжүүлж чадсан, газар зүйн байршил нь далайн тээвэр, загасны аж үйлдвэрийг хөгжүүлэхэд таатай байснаас гадна томоохон, баян хөршүүд нь экспортыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй, цаг агаарын хувьд Монголтой төстэй энэ орны хөгжлийн загвараас авууштай зүйл их бий ажээ.
 
Гүржид замын цагдаагаас эхлээд бүх шатанд авлига, хээл хахууль цэцэглэж, төрийн албан хаагчдынхаа цалинг олон улсын байгууллагын зээл тусламжаар тавьж байсан аж. Иймээс олон хүнтэй уулзаж зөвшөөрөл авч шийдвэрлэдэг дамжлагуудыг устган нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлж хяналт тавьж, хариуцлага тооцох болсноор Гүрж одоо авлигагүй орны тоонд оржээ. Эндээс санаа авууштай зүйл олон байна хэмээн Засгийн газар үзэж хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлууд хийж буй юм байна.
 
Макро эдийн засгийн эрсдэлийн хувьд институци доройтох, ажилгүйдэлөсөх, орлогын тэгш бус байдал нэмэгдэх, санхүүгийн зах зээлийн салбарт зээл хэт тэлэх, инфляци болон бодит ханш чангарах, өрөнд баригдахзэргийг олон жилийн үзүүлэлтээр харьцуулан тооцож байх нь чухал гэдгийг илтгэгч онцолж байлаа.
 
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хэлэхдээ “Манай хяналт тооцоогүй их мөнгөний урсгал, төсвийн алдагдал эдийн засаг, нийгмийг ядуурал, мухардалд хөтөлж байна. Иймээс эдийн засгийг философи, загварын хувьд эрс шинэчлэх шаардлагатай болоод байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж:www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж