Ерөнхий сайд Дмитрий Медведев энэхүү видео мессеждээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгааны тоон үзүүлэлтүүдийг дурьдсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар ОХУ-ын насанд хүрэгчдийн 40 гаруй хувь нь тамхи татдаг гэсэн үзүүлэлт гарчээ.Түүнчлэн ОХУ-д жил бүр 400 мянга гаруй хүн тамхины хор уршигаас болж хорвоог орхидог ба энэ нь нэг том хотын хүн амтай тэнцдэг гэсэн үг юм. ОХУ-д тамхичдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд шинжээчид үүнийг тамхины үнэ, реклам, сурталчилгаатай холбоотой гэж дүгнэсэн байна. Мөн Орост тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо 1992 оны байдлаар долоон хувь байсан бол 2009 он гэхэд 22 хувь болж өсчээ. Түүнчлэн тамхичдын 90 хувь нь 20 нас хүрэхээсээ өмнө тамхинд ордог гэсэн судалгаа байдаг учраас Засгийн газраас хүүхэд, өсвөр насныхныг тамхинаас холдуулахад голчлон анхаарах гэнэ.
Дмитрий Медведев видео мессежнийхээ төгсгөлд иргэддээ хандан тамхины тухай хуулийг дэмжихийг уриалж, тамхинд татвар ноогдуулах хуулийг боловсруулахдаа голчлон тамхи үйлдвэрлэгчдэд анхаарлаа хандуулах болно гэж мэдэгджээ. Ямартай ч Ерөнхий сайдын дээрх хүсэлтээр тус улсын хүн амын эрүүл мэндийн төлөө бүх төрлийн тамхины сурталчилгаа, цаашлаад 2015 он гэхэд олон нийтийн газар тамхи татахыг хориглож, тамхины үнийг нэмэгдүүлэх талаарх хуулийг хэлэлцэх гэнэ. Гэхдээ энэ хууль батлагдахын тулд парламентийн хоёр тэнхимийг давах хэрэгтэй аж. ОХУ-д үүнээс өмнө цөөнгүй удаа тамхины үнийг нэмэгдүүлэх, реклам сурталчилгааг хориглох талаар хууль боловсруулагдаж байсан ч батлагдаж чадсан нь цөөхөн юм. Үүнийг парламентийн зарим гишүүд тамхи үйлдвэрлэгчтэй холбоо сүлбээтэй эсвэл өөрсдөө хувийн компанитай байдагтай холбоотой байдаг хэмээн зарим шинжээчид дүгнэдэг.