Гурван жилийн турш зөвхөн барилгачид, инженер техникийн ажилтнууд холхилдожбайсан энэ гүүрэн дээр одоо жирийн иргэд зорчиж болох боломжтой боллоо. “Энэ өдрийг нийслэлчүүд их хүлээсэн гэдэг нь илт мэдрэгдэж байна. Нарны гэх сайхан тодотголтой гүүрийг нээж байгаа энэ өдөр ч нар гийсэн сайхан өдөр таарлаа. Энэ бол Японы ард түмний, засгийн газрын хүч чармайлтын үндсэн дээр бий болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа Японоос, Монгол Улсад суугаа элчин сайд Такенори Шимизү төсөл анх эхэлж байхаас авахуулаад дэмжиж ирсэн хүн. Энэ гүүрийг анх бий болгох санаачилгыг энэ хүн гаргасан. Ямар ч байсан одооноос нийслэлчүүдийн хөл хөдөлгөөн тасрахгүй нэгэн гүүр нээлтээ хийлээ” гэж Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг ярив.
Нийтдээ 895 метрийн урттай энэ гүүрийн өргөн нь 19.5 м, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөн явган хүний зам бүхий “Нарны гүүр”-ийг Японы засгийн газрын тусламжаар барьсан юм. Японы талаас энэ гүүрэнд 100 жилийн баталгаа гаргасан бөгөөд гүүрний даац 100 тонн хүртэлх даацтай аж. Уг гүүрийг барихад Японы тал 3.7 тэрбум иений хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд манай тар барилга баригдсаны дараа жил, жилээр хувааж төлөхөөр гэрээнд тусгасан билээ. Ажлын гүйцэтгэгчээр Японы барилгын “JFE” компани ажилласан байна. Тус компани нь дэлхийд чансаагаараа эхний тавд ордог бөгөөд дэлхийн ихэнх улсуудад төмөр хийцийн байгууламж, техник, төмрийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг ажээ. Мөн Энэтхэгийн хамгийн том төмрийн экспортлогч юм. Мөн шинэ гүүрийг барих барилгын ажлын зөвлөхөөр Японы “CTI” компани ажиллажээ. Яагаад Япон компаниар хийлгэж байгааг лавлавал Японы засгийн газар 100 хувь хөрөнгө оруулж байгаа учир барилгын ажил болоод хяналтыг Японы компани хийхээр гэрээнд тусгасан байна. Харин Монголын талаас “Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн баг бүхэлд нь хяналт тавь, Монголын талаас 100 барилгачин ажиллажээ.
“Би энэ гүүрийг анхнаас нь санаачилж байсан юм. 2007 онд анх энэ саналыг гаргахад би Япон улсын элчин сайдын яаманд ажилтан байлаа. Харин одоо элчин сай болчихоод гүүрний нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Манай улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Нарны замыг одоогоос арав гаруй жилийн өмнө барьсан. Одоог хүртэл нэг ч засвар хийгдээгүй, басхүү хотын иргэд ам сайтай байдагт үнэхээр баярладаг. Энэ гүүр ч гэсэн нарны зам шиг байна гэдгийг амлаж байна” гэж Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такениро Шимизү ярьсан юм.
Гүүрний нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Мөн гүүрийг босгоход оролцсон Японы барилгын компаниуын удирдах ажилтнууд ирж, гүүрний барилгын ажилтай танилцсан билээ.
“Үнэхээр сайхан гүүр болсон байна. Хотын замын ачааллыг бууруулахад нэмэр болох сайхан гүүр болжээ. Монголчууд үүнээс л суралцах хэрэгтэй гэж бодож сууна. Бид чинь хэдэн зам засах гэж яаж мунгинадаг билээ дээ” гэж Сүхбаатар дүүргийн өндөр настан Э.Цэнд ярьсан юм. Нарны гүүр 15:00 цагт бүрэн утгаараа амь орсон. Одоо яг энэ гүүрээр олон машин холхилдон байгаа. Гэхдээ гүүр ашиглалтад орсон ч доор нь байх явган хүний зам, тохижилтын зарим ажил дуусаагүй л байна. Ямар сайндаа хоёр талд нь байх шатыг халхалж, тохижилтын ажлаа хийж байхав. Энэ ажлыг монголчууд хариуцаж авсан гэдгийг хэлэхэд илүүдэхгүй. Ажил нь удаан байсан учраас хоёр харгалзагч гарган орчноо тохижуулж байсныг хэлэхэд илүүдэхгүй.
Ямар ч байсан нийслэлчүүд бид бахархах нэгэн зүйлтэй боллоо. Тавтай морил “Нарны гүүр”….
Б.БОЛОРСҮХ