-УИХ-аар Монгол Улсын 2013 оны төсвийн төсөл, мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Таны бодлоор шинэчлэлийн Засгийн газар аль хэр шинэчлэл дагуулахаар төсөв өргөн барьсан бэ. Гадна талд хямрал нүүрлэж байгаа талаар судлаачид анхааруулж эхэллээ. Ирэх жилийн төсөвт гадаад эдийн засгийн хямралын нөлөөллийг урьдчилж тусгаж чадсан болов уу?
-Засгийн газраас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн төсөв өргөн барьсан гэж хэлж болно. Шинэчлэлийн гэдэг талаас нь харвал өнгөрсөн жилүүдийн үрэлгэн төсвийн инерци хадгалагдсан, төсвийн хууль бичигдсэн формат ч хуучинсаг тал байгаа. Гэхдээ асуудалд бодитой хандвал өөрөөр байх аргагүй байсан байх. Засгийн газар, Сангийн яам үндсэндээ 50 хоногийн дотор хоёр төсөв өргөн барилаа шүү дээ. Хямралын хувьд гэвэл УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа АНУ-аас эхэлсэн санхүүгийн хямрал дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байсан үед тухайн үеийн УИХ 1,5 их наяд төгрөгийн санхүүжилт баталж төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн хөтөлбөр гэх мэт бүтээн байгуулалт эхлүүлж байсан. Тэр хямрал Монголд тийм ч их хүчтэй нөлөө үзүүлээгүй. Гол шалтгаан нь дэлхийг хямралаас чирч гаргасан Хятад улс манай хөрш төдийгүй худалдаа, эдийн засгийн гол түнш байгаатай холбоотой. Энэ удаагийн Евро зоны өрийн дарамтаас үүссэн хямрал харин Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулж байна. Энэ талаас нь харвал Монголд илүү хүчтэй нөлөөлж мэдэх магадлалтай юм. Үүнийг төсөв батлахдаа анхаарах л ёстой асуудал гэж үзэж байна.
-Ийм эгзэгтэй үед эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтөд яаж хандах ёстой гэж та үзэж байгаа вэ?
-Миний бодлоор Монголын эдийн засаг яаж хөгжихийг бүс нутаг, тив, дэлхийн эдийн засгийн төвшинд харж төлөвлөх хэрэгтэй. Энэ үүднээс дунд, урт хугацааны маш ойлгомжтой, тодорхой дэс дараалалтай стратеги хөтөлбөр гаргах хэрэгтэй юм. Ер нь бол зах зээлийн эдийн засгийн үед бүхнийг эрэлт, нийлүүлэлт, “ далд гар” зохицуулчихдаг гэсэн хэтэрхий гэнэн ойлголтоосоо салж өнгөрсөн 20 жилдээ дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Монгол орны байрлал, онцлог зэргийг зөв тооцож давуу байдлаа ашиглаж сурах хэрэгтэй байна. Мөн бодлого гаргадаг, хэрэгжүүлдэг төрийн институцуудынхаа чадамжийг эрс дээшлүүлэх ёстой. Ер нь бол хямрал гэж өөрсдийгөө хямраалгүй эдийн засгийн хөгжлийн ойлголт, хандлагаа өөрчлөх нь зүйтэй юм.
-Шинэчлэлийн Засгийн газарт хөгжил төлөвлөлтийн тийм чадамж, шинэ хандлага байна гэж та хардаг уу?
-Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсан нь хөгжилдөө алсын хараа суулгах гэсэн хэрэг. Би хувьдаа тийм итгэл үнэмшилтэй л энэ шийдвэрийг гаргалцсан. Бас нэг онцолж хэлмээр зүйл бол саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндэсний олон нийтийн телевизийн ярилцлагад орж байх үедээ төмөр зам, аж үйлдвэрийн паркийн цогцолбор, шинэ цахилгаан станц гэх мэт том бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхээ мэдэгдсэн. “Монголчууд бид дөрөв, таван тэрбум ам.долларын өртөгтэй мега төслүүдийг хэрэгжүүлэх цаг үед ирлээ” гэж Ерөнхий сайд хэлнэ лээ. Энэ бол үнэхээр маш том ажил. Бүр түүхэн шийдвэр гэж хэлмээр байна.
-Мега төсөл гэж урьд нь яригдаж байгаагүй зүйл содон сонсогдож байна. Түүнийг та дэмжиж байгаа юу?
-Мэдээж, дэмжихээр барах уу. Мегапроект бол үндэсний эдийн засгийг босгож ирэх, үүнийгээ дагаад нийгмийг хөгжлийн шинэ эрэмбэд аваачих, чухамдаа түүхэн ач холбогдолтой зүйл юм.
-Мега гэж ямар төслүүдийг хэлдэг юм бэ. Үүнийг хэрэгжүүлсний ач холбогдол юу вэ?
-Мега гэж нэг тэрбум ам.доллараас давсан санхүүжилт шаардсан төслүүдийг хэлдэг. Ийм төслүүд улс төр, геополитикийн зөв тооцоо олон улсын үр ашигтай түншлэлийн үр дүнд хэрэгжиж чадна. Энэ утгаараа биднээс олон шинэ зүйлийг шаардана. Бид олон шинэ зүйлийг өөртөө бий болгоно. Үр дүнд нь ардчилал бэхжиж үндэсний эрх ашиг хангагдана. Ажилгүйдэл, ядуурал гэсэн олон жилээр шийдэж чадахгүй байгаа шаналгаатай асуудлуудыг бүрэн шийдэх бололцоотой болно. Жинхэнэ утгаараа үндэстний шинэ цагийн хөрөнгөтнүүд төрнө. Техник, стандарт, төлөвлөлтийг ягштал баримтлах гэх мэтчилэн бидэнд дутагдаад байдаг шинэ соёл, ухамсар төлөвшинө. Тэгээд бүхэлд нь авч үзвэл “бид бүтээж чадна, хийж чадна, өрсөлдөж чадна” гэсэн амбицтай, итгэлтэй бусдын гар харах биш өөрсдөө цогцлоох тэмүүлэлтэй үндэстэн болно. Монголчууд жинхэнэ супер этносын төвшинд очно гэсэн үг.