Цэргийн хүч Хойд Кавказад туслах уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Цэргийн хүч Хойд Кавказад туслах уу?

Оросын цэргийн албан хаагчдыг терроризмын эсрэг ажиллагаанд оролцуулах болсон нь бүс нутгийн байдал хурцдаж, засаг захиргаа  суларсныг харуулж байна хэмээн шинжээчид дүгнэжээ.  

Оросын арми 2012 оны аравдугаар сараас Хойд Кавказад терроризмын эсрэг ажиллагаанд дахин оролцох болсон юм. Жишээ татахад энэ сарын эхээр Дагестаны Буйнакск хотын нэгэн байранд бүгсэн алан хядагчдыг устгахад армийг татан оролцуулав. Гэрээт цэргийн албан хаагчид үүргээ биелүүлсэн ч хохирол амсчээ. Тусгай ажиллагааны явцад дөрвөн цэргийн албан хаагч амиа алдаж өөр хэдэн хүн шархадсан байлаа.

Хүчний бодлого нь засгийн суларсны шинж

Махачкала хотод тавдугаар сард болсон алан хядах ажиллагааны дараах зураг

Цэргийнхнийг тусгай ажиллагаанд татан оруулж байгаа нь хүний эрхийн төлөө тэмцэгчдийг түгшээж байна. "Мемориал" гэх хүний эрхийн төлөөх төвийн Хойд Кавказын шинжээч Александр Черкасов, хүчнийхэн бүс нутагт оролцоогоо нэмэгдүүлж, нутгийн иргэдэд сөрөг хандлага төрүүлж байна хэмээн хэлэв. Цагдаагийн хүч нэмэгдүүлэлтэд Дагестаныхан дассан ч цэргийнхнийг хай сайгүй явахыг харах хүсэлгүй байгаа юм.

Батлан хамгаалах яам нь дотоодын ажиллагаанд оролцох ёсгүйг "Новоя газета"  сонины цэргийн тоймч Вячеслав Измайлов ярив. “Цэргийнхнийг тайван цагаар үйл ажиллагаа явуулахад сургадаггүй учраас армийн анги нэгтгэлүүд терроризмын эсрэг ажиллагаанд оролцохдоо гэр ахуй барааны мухлагт заан оруулсан мэтээр үйл ажиллагаагаа хийдэг. Цэргийнхнийг исламын дайчдын эсрэг ажиллагаанд оролцуулж байгааг би  засаг доройтсоныг  харуулж байна гэж үздэг” хэмээн Измаилов тайлбар хийлээ.

Улс бүр асуудалтай

Хэвлэлийн мэдээгээр, Оросын цэргийн албан хаагчид Дотоод хэргийн яам ба Холбооны аюулгүй байдлын  анги нэгтгэлийн хамт “байдал ноцтой байгаа” Хойд Кавказын улсуудад терроризмын эсрэг ажиллагаанд оролцохоор болжээ. Чеченьд томилолтоор очоод ирсэн Вячеслав Измайловын хэлснээр хүчнийхэн хаана хэт даврагчид нуугдаж байгааг мэддэг ч тэр газруудыг зориуд тойрч явдаг ажээ.

Чеченьтэй хил залгаа Ингушетийн районуудад байдал ээдрээтэй байгаа аж. Дагестанд бол байдал улам ноцтой болсон. Чеченийн хоёр дайны үеэр тайван байсан Дагестаны өмнөд нутаг өнөөдөр “дэлбэрэхийн даваан дээр байна” хэмээн Измайлов ярьжээ.

Дагестан хурцадмал байдлын эх үүсвэр

Хэт даврагчдын идэвхтэй ажиллагаагаар Дагестан өнөөдөр бүсийн халуун цэг болсон гэдэгтэй Александр Черкасов санал нэг байна. Байдал өнгөрсөн хавраас ихээхэн ноцтой болсныг тэр хэлэхдээ “Дагестаны байдал ээдрээтэй болж буйн гол шалтгаан нь суфистууд ба салафитуудын урсгалын  хоорондын хэлэлцээр яриа тасарсан явдал” гэж шинжээч онцлов. Хэлэлцээр тасарсан нь Махачкалад хийгдсэн аллагаас үүдэлтэй гэнэ. Тавдугаар сард махачкалад болсон хоёр хүчтэй дэлбэрэлийн улмаас 13 хүн амиа алдаж зуу гаруй хүн шархадсан билээ.

Өөр нэг шалтгаан нь Дагестанд дотоодын цэргийн хүчин нэмэгдэж, тэнд армийн анги нэгтгэл гарч ирсэн явдал гэж Александр Черкасов дүгнэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэт даврагчдын эгнээнд байсан хүмүүсийг энхийн амьдралд оруулах тусгай комисс ажиллаж байсан ба цэргийнхэн гарч ирснээр комиссийн ажиллагаа суларчээ.

Хэв журам тогтооход ухаан хэрэгтэй

Ингушетийн Засгийн газрын байр

Хүчний аргаар бүс нутагт хэв журам тогтоож чадахгүй гэдгийг 27 нас хүртлээ цэргийн албан хаагч байсан сэтгүүлч Вячеслав Измайлов хэлж байна. Терроризмтай амжилттай тэмцэхийн тулд нийгмийн асуудлууд нэн түрүүнд ажилгүйдлийг шийдэх ёстой гэдэгт тэр итгэлтэй байна. Ажилтай бол залуус ойд гарч дайтахгүй гэж тэр онцлов.

Черкасовын бодлоор асуудлыг “танкаар биш, тархины нугалаагаар шийдэх ёстой” гэнэ. Хэрэв хүч хэрэглээд эхэлбэл ямар хүч хүрэлцэхгүй. Хүчний зөөлөн бодлогоор явж байсан Дагестанд тэр ухаан  л хэрэгтэй хэмээн тэр тэмдэглэжээ.
 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж