Түүхэн “Аравт” болон олон арван хөгжмийн бүтээлээр нь бид түүнийг хөгжмийн зохиолч гэдгийг таньж авсан. “Мандухай сэцэн хатан”, “Гэгээн алсад одох юмсан” зэрэг “Хар, цагаан” цомгийн бүтээлээр нь бид түүнийг төгөлдөр хуурч хэмээн бахархалтайгаар дуудаж чадаж байгаа. “Танайд хононо доо”, “Зүрхэн хоёр алга” дуугаар нь бид дуучин хэмээн хүлээн зөвшөөрдөг. Мөн түүнийг “Sweetymotion” хамтлагийн продюсер гэдгийг нь олон хүн мэднэ. Харин өнөөдөр тэрээр хөгжмийн зохиолч гэдгээрээ үзэгч олонд өөрийгөө шинээр нээн харуулахаас гадна анх удаа удирдаачийн индэр дээрээс Улсын симфони оркестрыг удирдах гэж байна. Олон хүн сэтгэл догдлон хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Өнгөрсөн жил Б.Чинбат “Давтагдашгүй” тоглолтоороо өөрийгөө давтагдашгүй уран бүтээлч гэдгээ харуулсан. Өнөөдөр бид нар компьютерээр бичсэн хөгжим, найрал хөгжимтэй хэрхэн найрсахыг харах цөөхөн гэрчийн нэг болох гэж байна. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолчид болох Н.Жанцанноров, Б.Шарав гуай нар энэхүү тоглолтыг “үзүүштэй, сонин” болохыг урьдчилан хэлж, догдлон хүлээж байгаа гэсэн. Хэрэв та Улсын циркт болох монгол хөгжмийн ганцхан тохиох үзэгдлийн гэрч-үзэгч байхыг хүсвэл 1950, 1109 дугаар руу утасдаж үнэгүй хүргүүлэн үзэх боломж байгааг дуулгахад таатай байна.