Обама Элчин сайдын үхлийн хариуцлагыг хүлээв

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Обама Элчин сайдын үхлийн хариуцлагыг хүлээв

Барак Обама аравдугаар сарын 16-ны халз мэтгэлцээн дээр. Фото Reuters

АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөх хоёр дахь халз мэтгэлцээн өндөрлөж, энэ удаад Барак Обама ялалт байгуулсан тухай гадны хэвлэлүүд бичиж байна. Мэтгэлцээний төгсгөлд CNN агентлагаас явуулсан судалгаагаар Барак Обама 46 хувийн саналаар ялагч болжээ. Харин Митт Ромнигийн төлөө 39 хувь нь саналаа өгсөн байна.

Халц мэтгэлцээний явцад ерөнхийлөгч Барак Обама Ливийн Бенгази хотноо Элчин сайд нарын дөрвөн дипломат амь үрэгдсэн хариуцлагыг өөртөө хүлээв. “Дипломат ажилтны хамгаалалт сул байснаас Элчин сайд амь үрэгдсэнд хэн буруутай вэ” гэсэн танхимын асуултад тэр ийнхүү хариулсан юм. Мэтгэлцээнийг YouTube шууд дамжуулжээ.

Мэтгэлцээний өмнөх өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Ливид болсон хэрэг явдлыг хариуцлагыг хүлээнэ хэмээн мэдэгдсэн юм. Харин Обама энэ тухайд “Тэр миний ажилд зүтгэж яваа хүн. Би ерөнхийлөгч, тиймээс бүх хариуцлагыг би үүрнэ” хэмээн онцолсон байна.

Харин Обамагийн өрсөлдөгч Митт Ромни Бенгазид болсон халдлагын талаар “Миний багаас Төрийн нарийн бичгийн дарга ч бай, өөр хэн ч байсан, манай дөрвөн иргэний үхлийг улс төрийн зорилгоор ашиглах, эсвэл худал ярихад ашигласан гэх санаа оролдлого нь надад доромжлол гэж санагдаж байна, захирагч аа" хэмээн Цагаан ордны эзэнд хариу барьжээ. Тэрбээр Ливид амь үрэгдсэн дипломатуудын үхлийг дипломат зорилгоор ашиглаж байна хэмээв.

Ливи дэх АНУ-ын дипломат ажилтны аюулгүй байдлыг хариуцаж байсан тусгай хүчний отрядын ахлагч, дэд хурандаа Эндрю Вуд (Andrew Wood) АНУ-ын засаг захиргааг буруутгасан мэдэгдэл хийсний дараа энэ асуудал бүр ч дэвэрсэн гэж болно. Тэрбээр консулын газрын хамгаалалтыг хүч нэмэгдүүлэх хүсэлтээ Вашингтонд нэг бус удаа илгээсэн ч хариу аваагүй гэсэн юм.

Үүний зэрэгцээ, НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс нарын хэлж байсан эсэргүүцлийн ажиллагааны үеэр консулын газарт халдсан гэдэг нь худал байсан гэнэ. Төрийн департаментад тогтоосноор консулын газарт довтолж байх өдөр тэнд ямар нэгэн эсэргүүцлийн арга хэмжээ болоогүй аж.

Энэ асуудал ч мөн халз мэтгэлцээний нэг сэдэв байлаа. Тухайлбал, Ромни хэрэг явдалд террористууд холбогдсон талаар Обамагийн баг хоёр долоо хоногийн дараа мэдэгдсэн гэж шүүмжлэв.

Барак Обама, Митт Ромни нарын энэхүү хоёр дахь мэтгэлцээн Нью-Йоркийн Хемпстедад болсон юм. Эхний мэтгэлцээнээс ялгаатай нь тэд танхимд цугласан үзэгчдийн асуултад хариулсан. Ливид болсон эмгэнэлт явдлаас гадна тэд эдийн засаг, хууль бус цагаачдын асуудлаар үзэгчдэд хариулт өгчээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн аравдугаар сарын 3-нд болж, үзэгч, шинжээчдийн дүгнэлтээр Обама ялагдал хүлээсэн. Харин 11-нд болсон дэд ерөнхийлөгчдийн мэтгэлцээний Жо Байдены талд нааштай байлаа. Гэхдээ шинжээчид мэтгэлцээний дүнг эн тэнцүү хэмээн дүгнэсэн юм.

Обама, Ромни нар сүүлчийн буюу гурав дахь мэтгэлцээн аравдугаар сарын 22-нд болно. Харин ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 6-нд болох юм.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж