"Энэ бүх зовлонгийн дараа сөргөлдөөнийг дайны замаар зохицуулах боломжгүйг ойлгох ёстой. Бидний эрмэлзэл бол улс төрийн шийдэл” гэж Фелтман НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ойрхи Дорнодын асуудлаар хийж буй хуралдааны нээлтэд өгүүлжээ.
Үүний зэрэгцээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Мартин Несирки тэр өдөр сэтгүүлчдэд тайлбарлахдаа 30 мянга гэсэн тоо нь одоогоор баталгаагүй гээд, “НҮБ дангаараа Сирид амь үрэгдэгсдийн тоог баттай гаргаж чадахгүй байна” хэмээв. Гамшиг зовлонгийн цар хүрээг төсөөлөхөд НҮБ олон талын эх сурвалжийг ашиглаж байна гэж Несирки тайлбарлажээ.
Ливаны хэт даврагчдын "Хезболлах" бүлэглэл Сирийн сөргөлдөөнд идэвхтэй оролцож байна хэмээн АНУ эрс шүүмжлэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ойрхи Дорнодын асуудлаар хийж буй хуралдаан дээр АНУ-ын НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Сьюзан Райс мэдэгдэхдээ, “Хезболлах" хөдөлгөөн нь ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийн хоморголон устгах зэвсэг боллоо” гэжээ.
Ираны холбоотнуудтайгаа ярилцан тохиролцсоны үндсэн дээр “Хезболлах” хөдөлгөөний лидерүүд Сирийн цуст дарангуйллыг дэмжих дэмжлэгээ улам нэмэгдүүлж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгт "Хезболлах" хөдөлгөөний террорыг таслан зогсоох шаардлагатай хэмээн Райс онцолжээ.