Нарны гүүрийн хөдөлгөөнийг 15.00 цагт нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Нарны гүүрийн хөдөлгөөнийг 15.00 цагт нээнэ

Япон улсын буцалтгүй тусламжаар барьж гүйцэтгэсэн Нарын гүүрийн нээлт сая болж, хоёр талын төлөөлөгчид тууз хайчиллаа. Гэхдээ энэ замын хөдөлгөөнийг өнөөдөр 15.00 цагаас эхлэн нээх юм байна.

2009 оны зургадугаар сараас эхлүүлсэн Нарны гүүрийг төлөвлөсний дагуу Японы талаас ирэх сарын 30-нд хүлээлгэн өгөх байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн 45 хоногоор урагшлуулж, ийнхүү өнөөдөр хүлээн авч байгаа юм. Нарны гүүр нь 262 метр урттай, хөдөлгөөний дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай, хүнд даацын машин явах боломжтой, 30-55 метрийн алгасал бүхий металл дам нуруутай юм байна. Ашиглалтад орсноор нийслэлийн авто замын ачааллыг 30 хүртэл хувиар бууруулна хэмээн тооцоолж буй энэ гүүрийн бүтээн байгуулалтад Японы талаас 3,7 тэрбум иений хөрөнгө оруулалт хийжээ. Гүйцэтгэгчээр Японы “JFE” компани ажилласан байна.

Нарны гүүрийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Зам тээврийн сайд А.Гансүх, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шимизү Такэнори, “ЖАЙКА” олон улсын байгууллагын төлөөлөгчид, “Нарны гүүр” төслийн удирдагч Б.Мандат нарын албаны хүмүүс оролцлоо.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж