Ирээдүйд 00-ын суултуур шинжилгээ авдаг болно

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Ирээдүйд 00-ын суултуур шинжилгээ авдаг болно

“Livejournal.com”-ын К.Фрумкины блогийн мэдээллийг хүргэж байна.

Оросын орон нутгийн нэгэн сонин ирээдүйд юу тохиох тухай зөгнөлүүдийг нэгт­гэхээр оролджээ.

Манай гарагийн хүн ам 2060 он гэхэд 10 тэрбум болж өсөх төлөвтэй. Эдгээрийн 75 хувь нь хотын иргэд байх бөгөөд суурьшмал байдлаар аж төрөх нь. Энэ үед эко­логийн тэнцвэрт байдал алдагдаж, ундны ус, хүнсний хомсдол, шинэ өвчин гээд дэлхий нийтийг хамарсан асуудал улам л хурцадна. Эд­гээрийг шийдвэрлэхийн тулд шинэ төрлийн хотуудыг бүрэн автоматжуулах юм байна.

Польшийн антро­по­ло­гичид баримтад тул­гуур­ласан таамаг­лалыг дэвшүүлжээ. Тэд­ний үзсэнээр хүний бие махбодод үүргээ алдаагүй, гажаагүй нэг ч эрхтэн байдаггүй гэнэ. Цаашид ч энэ нь үргэлжилж, хүний дүр төрх төгс сайхан болохын төлөө бус, хүрээлэн буй орчны бохирдлоос болж өөрчлөгдөх аж.

Жишээлбэл, агаарт үлдсэн жаахан хүчилтөрөгчийг сорон авахын тулд бидний үр удмын уушги томорно. Хамар ч бас томрох бөгөөд агаарт дэгдсэн тоосыг цэвэр­лэхийн тулд хамрын үс илүү өтгөн, элэг хэд дахин том болно. Түүний гол үүрэг нь цусны хорыг шүүх юм. Мөн бөөр шээснээс усыг эр­гүүлээд татах чадвартай болох юм байна.

Хүний арьс бие махбодыг гадны нөлөөлөл, химийн бохирдлоос хамгаалахын тул эвэрших бололтой. Түүнчлэн нарны гэрэл хангалтгүй авснаас болж D аминдэм дутагдан, хүний яс нимгэрнэ. Хүн бас намхан болно.

Байшин барилгууд 100-150 давхар өндөр болох бөгөөд орон сууц бүр өөрийн гэсэн мини цахилгаан станцтай байх нь. Барилгын өвөр талыг гелиостат хэмээх тусгай элементээр бүрхэнэ. Энэ нь нарны эрчим хүчийг хуримтлуулж, цахилгаан эрчим хүч болгох чадвартай. Токиогийн технологийн их сургуулийн эрдэмтэд энэ­хүү хуримтлуулсан эр­чим хүчээр байрныхаа тог цахил­гааныг 5-6 цагийн турш ажил­луу­лах боломжтой хэмээн тооцоолжээ.

“Ухаалаг байшин”-гийн систем одоо ч гэсэн байгаа. Гэхдээ хэт өндөр үнэтэй учраас дэлхий дахинд түгээ­мэл хэрэглэж чадахгүй бай­на. Ер нь 10-15 жилийн дараа хүмүүс гэртээ ороод “Ус буцалгагч ажилла”, “Ваннд ус дүүргэ” зэрэг команд өгвөл хэн ч гайхахгүй болно. 2060 он гэхэд хүн төрөлхтөн үүнээс ч илүү залхуу болох ба байр сууц өөрөө гэрлээ асааж унтраан, супермаркетаас хүнс захиалж, бохирдсон сав суулгыг угааж, эзэнтэйгээ тохиролцон хоол өөрөө хийгддэг болох нь ээ. Түүнчлэн жорлонгийн суултуур хүртэл “ухаалаг” болох бөгөөд шээсний шинжилгээ авч, үр дүнг хувийн эмч рүү нь илгээх магадлалтай.

Ундны усны хомсдолын улмаас хүн төрөлхтөн хэмнэлтийн дээд горимд шилжинэ. Угаалгын өрөө нь хүний биеийг хэт авиагаар цэвэр­лэж, усыг ариглан гамнана. Мөн ямар ч бохир ус хэдэн давхар шүүлтүүрээр дамжиж, ундны ус болон боловсруулагдана. Ингэснээр усыг 90 хувь хүртэл хэмнэх боломжтой аж.

Хог хаягдлыг ч бас хүн боловсруулдаг болох юм байна. Ингэхдээ хогоо сайтар ангилан ялгаж, барилгын материал болгоно. Тиймээс хогоо шатаах нь байж боломгүй үзэгдэл болох аж. Орон сууц бүр нарны хам­гаалалт, агааржуулагч, тоосны шүүлтүүртэй байна. Яагаад гэвэл озоны давхарга гэмт­сэнээс болж агаарт дэгд­сэн тоос нь цацраг идэвхт бодистой болох юм гэнэ.

Эмч нарын ажил илүү уран зөгнөл маягтай болох аж. Хүн бүрийн өвчний түүхийг төв мэдээллийн санд нэгтгэдэг болно. Хүмүүсийн өмсөж буй хувцас оно­шил­гооны аппаратны үүргийг давхар гүйцэтгэдэг болох юм. Энэ хувцас хүний даралт, судасны цохилтыг хэмжиж, шаард­лагатай бол түргэн тус­ламжийг өөрөө дуудах гэнэ. Тэгээд өвчтөнийг эмчид очихоос өмнө тухайн хүний бүх мэдээллийг эмнэлэгт илгээх аж.

Мэдээж био технологийн салбар хөгжсөнөөр хүний эрхтнүүдийг ургуулж, нөхөн сэргээдэг болох юм байна.

“British Telecom” компанийн судлаач Робин Мэннингс “Таван жилийн дараа нүүрний будаг тухайн хүний сэтгэл санаа, биеийн байд­лаас шалтгаалан өнгө нь хувьсдаг болно” хэмээх таамаглал дэвшүүлжээ.

Үүнээс гадна “New Scientist” сэтгүүлийн санал асуулгад оролцсон шин­жээчид “2040 он гэхэд үл үзэг­дэгч цув, ханын цаадах, хувцсан доторх хүний биеийг нэвт харах чадвартай нүдний шил бий болно” гэж тэмдэглэжээ. Тэгэхээр ирээдүйд чухам юу болохыг харах л үлдлээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж