Төсвийн хуулиар саналаа хэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Төсвийн хуулиар саналаа хэллээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2013 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Сүхбаатар аймгийн Халзан сумын ЗДТГ-ын байр аянганд ниргүүлж, бүтэн шатсан байна. Төсвийн хуулиар уг барилгыг шинэчлэх зураг төсөв нь бэлэн байх ёстой ч өнөөдрийг хүртэл зураг төсөл нь хийгдээгүй байгаа аж.  Гэхдээ барилга барих төсвийг батлахыг  Байнгын хорооны гишүүд дэмжив. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ЗДТГ-ын барилга олон жилийн өмнө баригдсантул ашиглалтын хугацаа нь дуусчээ. Тиймээс уг барилгыг нурааж шинээр 450 орчим сая төгрөгөөр байшин барихаар болсныг  Байнгын хорооны гишүүд дэмжиж, санал дүгнэлтээ хэлсэн юм.

СЕХ-ны хөрөнгө оруулалтын зардалд 116 саяыг нэмж тусгах саналыг  УИХ-ын гишүүн Р.Бурмаа Байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Тэрбээр 70 сая төгрөгөөр  засварын зөөврийн төхөөрөмж,  46 сая төгрөгөөр  архивын  тоног төхөөрөмж авах шаардлагатай байгаа гэлээ. ҮүнийгС.Баярцогт гишүүн төсөв багцлах үед хэлээгүй байж, өнөөдөр энэ саналыг оруулж ирж байгаа нь буруу гэж үзсэн бөгөөд СЕХ-ны хөрөнгө оруулалтын зардлыг нэмэх санал дэмжигдсэнгүй.

УИХ-ын тухай хууль Төсвийн хуультай зөрчилдөж байгаа талаар Байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Үүнийг зохицуулах саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдож, С.Баярцогт нар дэвшүүлсэн юм.  Улмаар уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг 100 хувийн саналаар  зөвшөөрч, санал дүгнэлтээ  Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Үүний дараа УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  гишүүд хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дахин сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулах,  дээрх хоёр сонгуулийн санал хураах цагийг нэг болгох гэсэн саналыг  Р.Бурмаа гишүүн дэвшүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанаас уг саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх болж тогтов.

Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж