МЖБХ-ны Удирдах зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

МЖБХ-ны Удирдах зөвлөл хуралдана

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж, Монголын тамирчдын нэрийг олимпийн татамид тахалсан Монголын жүдо бөхийн холбоо өнөөдөр тайлангийн хурлаа хийх гэж байна.

Холбооны удирдах зөвлөлийн хурлаар Бээжингээс Лондон хүртэлх олимпийн циклийн хугацаан дахь ажлын тайланг хэлэлцэж, ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөгөө боловсруулах ажээ. Хурлаар хэлэлцэх гол асуудал энэ боловч цаашид холбоог удирдах ерөнхийлөгчийн асуудал, мөн Лондонгийн олимпийн өмнө тамирчдад амласан мөнгөн шагналыг олгох зэрэг хүлээлт үүсгээд буй асуудлууд ч багтсан бололтой. 

2006 оноос эхлэн МЖБХ-г удирдаж буй УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын удирдлага дор Монголын жүдочид олимпийн анхны аваргыг төрүүлж, дэлхийн аварга жүдочтой болсон. Харин тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа “Хэрвээ авдаг хүн нь байвал МЖБХ-г өгчихмөөр санагдаж байна. Яагаад гэвэл олимп, дэлхийн аваргатай болох төлөвлөгөөгөө биелүүлсэн. Тайлангийн хурлын дараа саналаа хэлнэ” хэмээсэн тул холбооны ерөнхийлөгчийн асуудлыг өнөөдрийн хурлаар ярилцаж болох талтай. Түүнчлэн холбооны зүгээс олимпийн медальтнуудад амласан нэг тэрбум, 500 сая, 300 сая төгрөгийн мөнгөн урамшууллын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх бөгөөд үүний дараа тамирчдад, тодруулбал, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр, хүрэл медальт С.Ням-Очирт гардуулах тухай Х.Баттулга ярьж байсан юм.

МЖБХ-ны тайлангийн хурал өнөөдөр 18.00 цагт болох ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж