“Багануур”-ын хувьцаанаас 60 тэрбумыг босгоно

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

“Багануур”-ын хувьцаанаас 60 тэрбумыг босгоно

Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

О.Хосцэцэг

Төрийн өмчийн хороон дээр хийгдэж байгаа гол ажлуудын талаар ярилцлагаа эхэлье?

Төрийн
болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу 4 жилд нэг удаа төрийн
болон орон нутгийн өмчийн тооллого хийдэг. Нийт 1000 гаруй хуулийн
этгээдийн өмчийг тоолж дуусаад нэгтгэлийн ажилдаа ороод эхэлсэн.
Тооллогын дүнгээ ирэх арваннэгдүгээр сард Засгийн газарт танилцуулах
учраас энэ ажил дээр голлон анхаарлаа хандуулж байна. Мөн яам
агентлагийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулж хөрөнгийн хөдөлгөөн хийх,
татан буулгах комиссыг ажиллуулах, хаалтын тайлан тэнцлийг гаргуулах,
аудит хийлгэх, шинээр байгуулагдсан яам, агентлагуудыг үйл ажиллагаагаа
хэвийн явуулахад нь өмчийн талаас хангах ажлууд хийгдэж байна. Татан
буугдсан агентлагуудын байр сууц чөлөөлөх асуудлыг Засгийн газар
шийдсэн. Бид ажлын байрны тавилга хэрэгслээс эхлээд машин техникийн
хөдөлгөөн, шилжилтийг зохицуулах үүрэгтэй ажиллаж байна.

Түүнчлэн
“Багануур” хувьцаат компанийн нийт хувьцааны 24 хувийг Монголын
хөрөнгийн бирж дээр арилжаалахаар бэлтгэж эхэлсэн. Энэ оны
арваннэгдүгээр сарын сүүлч, арванхоёрдугаар сарын эхээр хувьцаагаа
гаргана. Бирж дээрээс 60 тэрбум төгрөг босгоно гэсэн хүлээлттэй байна.
Биржээс хөрөнгө босгосны дараа хийх ажлын дунд хугацааны хөтөлбөр
гарсан. Хөтөлбөрийн дагуу нэгдүгээрт техникийн шинэчлэл хийх,
хоёрдугаарт техникийн хоцрогдлыг арилгах, гуравдугаарт ус шүүрүүлэх
технологийг шинэчлэх юм.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын Удирдах зөвлөлийг сонгох ажил удахгүй хийгдэнэ гэж байсан. Зөвлөлийг хэзээ сонгох вэ?

Сайншандын
аж үйлдвэрийн цогцолборыг хариуцах хуулийн этгээдийг байгуулах талаар
Засгийн газрын шийдвэр гарсан. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар
саяхан томилогдлоо. Одоо л ажлаа цэгцэлж эхэлж байна. Тэгэхээр яамдын
ажил эмхлэгдсэний дараа  Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын Удирдах
зөвлөл сонгогдоно.

Төрийн өмчийн хорооны хуучин дарга “Эрдэнэс МГЛ”-ын ТУЗ-д байсан. Уг статус Танд шилжсэн үү?

“Эрдэнэс
МГЛ” компанийн ТУЗ-ийн гишүүнээр Төрийн өмчийн хорооны даргын үүрэг
гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Заяабал ажиллаж байгаа. Одоохондоо
ТУЗ-ийн гишүүдийг томилсон, чөлөөлсөн шийдвэр гараагүй байна.
“Эрдэнэс
МГЛ” нь Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу тус сангийн харьяанд
ажилладаг охин компани болж өөрчлөгдсөн. Төрийн өмчийн хороонд шууд
харьяалалгүй учраас тухайн компанийн нарийн асуудлыг бид мэдэхгүй
байгаа.

Өнгөрсөн сард Ерөнхий сайд Төрийн өмчийн хорооны
удирд­лагуудтай уулзаж, алдагдалтай ажиллаж буй компаниудын асуудлыг
даруй шийдэхийг үүрэг болгосон. Энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

Ерөнхий
сайд Төрийн өмчийн компаниудаас  хамгийн их алдагдалтай ажиллаж байгаа
“Багануур”, “Шивээ-Овоо”, МИАТ компанийн захирлуудыг хүлээж авч уулзаад
алдагдалгүй ажиллах талаар арга хэмжээ ав гэсэн үүрэг өгсөн. Бид
алдагдлын бодит шалтгаануудыг тайлбарласан. Нүүрсний үнийг төрөөс
зохицуулж, өртгөөс нь доогуур үнээр ДЦС-уудад нийлүүлж байгаа нь
алдагдлын шалтгааны 70 хувийг эзэлж байна. Хоёрдугаарт компаниудын
менежментийг сайжруулах шаардлага бий. Эхний ээлжинд “Багануур”-ын
асуудлыг шийдэхээр хөрөнгө босгох ажлыг эрчимтэй эхлүүлсэн.

“Багануур”
ХХК-ийн эзэмшилтэй талбайг “Алтай голд” компани хууль бусаар авч ашиг
олж байна. Энэ талбайгаа эргүүлж авах боломж бий юу?

“Багануур”-ын
үндсэн лицензээс хувийн компанид олгосон байдаг. Ингэж зарсан цаад
шалтгаан нь тус компани үеэс үед мөнгөний гачлантай байсантай холбоотой
юм билээ. Нэгэнт улсын хөрөнгөөр хайгуул хийсэн талбай учраас бидний юм,
биднээс өөр хэн авахав гэсэн бодлоор бага төлбөр төлөхөөр ашиглалтын
багахан лиценз аваад, нийт талбайн лицензээ аваагүй байсан. Нөгөө талаас
“Багануур” хувьцаат компани улсын төсвөөр хийсэн хайгуулын төлбөрийг
улсын төсөвт төлчихсөн байсан. Ингэж төлбөрөө төлнө гэдэг нь нийт
лицензээ баталгаажуулсан гэсэн үг. Тэгэхээр тухайн үеийн Ашигт малтмалын
газар хууль зөрчиж хувийн хэвшлийнхэнд лицензийг өгсний дээр, энэ
асуудлаа хоёр жил нуун дарагдуулсан. Зарагдсан талбайг авахаар тухайн
үед шүүхэдсэн боловч “Багануур”-ын тал ялагдсан. Шүүх дээр гарч байгаа
хүндрэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан явдал юм билээ. Энэ нь ч
хуулийн үндэслэлтэй. Гэхдээ ямар ч байсан бид бүх гарцыг хайж, хөөцөлдөж
байгаа. Ерөнхий сайдын зүгээс ч үүрэг өгсөн.    

Төрөөс
үнийг барьж байгаа нь алдагдалтай ажиллаж буй шалтгааны 70 хувийг эзэлж
байна гэлээ.  Харин Ерөнхий сайд арай өөр байр суурьтай байсан?

Нүүрсний
үнийг барьснаас уурхайд алдагдалтай ажиллаж байгаа нь ганцхан өнөөдөр
гараад ирсэн асуудал биш. Ерөнхий сайдын хэлсэн санаа нь үнийг нэмэхгүй
бол болохгүй нь ээ гэдэг ганцхан шалтгаанаар халхлаад үйл ажиллагаагаа
сайжруулахгүй байна, менежмент сайтай болох хэрэгтэй гэдэг л шаардлага
тавьсан. Үүнийг бид зүй ёсны шаардлага гэж үзэж байгаа. Энэ асуудлыг
зохих байгууллага, албан тушаалтанд тавина. Гэхдээ үнийг чөлөөлөх
асуудлыг орхиж болохгүй.

Нүүрсний үнийг чөлөөлчихвөл
хэрэглэгчдэд хүрч буй дулаан цахилгааны төлбөр нэмэгдэнэ гэж үздэг.
Иргэдийг хямд дулаан, цахилгаанаар хангах энэ бодлого дээр Та ямар байр
суурьтай байна вэ?

Ер нь таны асуусан энэ шалтгаанаар л
нүүрсний үнийг барьж байгаа шүү дээ. Ингэж дулаан, цахилгааныг бодит
өртгөөс доогуур үнээр борлуулснаар үнэ нэмснээс илүү хохиролтой учраад
байгаа. Үйлдвэрүүд алдагдалтай ажилласнаар хөрөнгийн хомсдолд ордог.
Улмаар уурхайн технологийн байдал маш хүнд болсон. Нүүрсийг олборлох
ажил нь урт хугацааны төлөвлөгөөний дагуу явагддаг. Газрын хөрсөнд
байгаа усыг зайлуулах ажил 2-3 жилээр түрүүлж явах ёстой. Хөрс хуулалтын
ажил нь нэг жилийн өмнөөс хийгдэх учиртай. Тодорхой хэлбэл бид ирэх жил
ашиглах нүүрсний ус чийгийг хоёр жилийн өмнө зайлуулаад энэ жил өнгөн
хөрсийг нь ухаад эхэлчихсэн байх горимтой. Гэтэл манайд энэ хоёр ажил
хийгдээгүйгээс хөрс хуулалтын хоцрогдолд орж хэсэгхэн газарт л олборлолт
хийдэг. Улмаар асар их хэмжээний нүүрсийг ашиглалгүй хаях эрсдэл
учирдаг. Энэ нь үнэ нэмснээс гарах үр дагавраас илүү алдагдалтай,
хохиролтой зүйл юм. Улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон баялгийг авч
чадахгүй хаяна гэдэг яаж ч бодсон туйлын харамсалтай шүү дээ. Хөрс
хуулалтын ажил олон жил хоцрогдож, хуримтлагдсан учраас хөрөнгө олоод
асуудлыг шийдэж эхэллээ гэхэд наад зах нь 2-3 жил уйгагүй хөдөлмөрлөж
байж технологийн дагуу нүүрсээ олборлох боломжтой болно.

Эрчим
хүчний компаниудын менежментийг сайжруулах шаардлага бий гэлээ. Төр
менежмент хийж чадахгүй бол хувьд шилжүүлэх асуудал яригдах уу?

Дулаан,
цахилгааны эх үүсвэрүүдийг хувьчилсан туршлага бий л дээ. Багануурын
дулааны станцыг хувьчилсан. Багануур хотыг хөлдөөсөн. Шарын голын ДСЦ-ыг
хувьчилсан. Шарын голыг бас хөлдөөсөн. Хэнтийн Бэрхийн ДСЦ-ыг
хувьчилсан. Мөн л Бэрхийг хөлдөөсөн. Увсын ДЦС-ыг хувьчилсан. Одоогоор
тус аймгийн өвөлжилтийн байдал хүнд байна. Ийм маягаар хувьчлагдаад хот,
суурингаа хөлдөөгөөд буцааж төрдөө аваад асар их хэмжээний зардал
гараад яваад байж болохгүй.

Үнийг либеральчлаагүй нөхцөлд
иргэдэд үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийг хувийн хэвшилд шилжүүлэхээр техник
технологио шинэчлэх, дараа жилийн өвөлдөө бэлтгэх ажлыг орхигдуулаад
борлуулалтын орлогоо зөвхөн өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулчихдаг
учраас хэвийн ажиллахаа болиод асуудал үүсч эхэлдэг. Тиймээс одоогоор
ажиллаж буй дулаан, цахилгааны эх үүсвэрийг хувьд шилжүүлэх асуудал
ойрын хэдэн жилдээ яригдахгүй. Харин цаашид хувийн хэвшлийн хөрөнгөөр
дулаан, цахилгааны шинэ эх үүсвэр, үйлдвэрийг барих ажлыг бол дэмжинэ. 

Ирэх жилүүдэд төрийн өмчит компаниудыг хувьчлах ажлууд явагдах уу? Тухайлбал, МИАТ-ийг хувьчилна гэсэн яриа   байна?

Хуулийн
дагуу бид энэ жил төрийн өмчит компаниудыг хувьчлах, өөрчлөх үндсэн
чиглэлээ УИХ-аар батлуулах ёстой. Үүнийг батлуулахаар одоо  бэлтгэж
байна. Ер нь төрөөс үнийг нь зохицуулдаг, нийтийн эрх ашгийн төлөө
үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийг хувьчлах асуудал яригдахгүй. Чөлөөт зах
зээл дээр үйл ажиллагаа явуулдаг, үнийг нь барьдаггүй аж ахуйн
нэгжүүдийг бол хувьчилна.

МИАТ-ийн тухайд алдагдалтай ажиллаж
байгаа хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Европ руу зундаа нэг удаа нислэг
хийхэд 50.000 ам.доллар, өвөл 100.000 гаруй ам.долларын алдагдалтай
ажилладаг. Энэ алдагдлыг богинын зайн нислэгээр нөхөхөөр төлөвлөдөг ч
чаддаггүй. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийн компаниуд гарч ирж өрсөлдөөн
үүссэн. Хамгийн наад захын жишээ гэхэд Хонконг руу нислэг үйлдэхэд хоёр
талдаа дүүрэн зорчигчтой нисдэг байсан. Гэтэл хувийн хэвшлийн компани
зэрэгцэж ниссэнээр МИАТ, хувийн компанийн хоёр онгоц хоёулаа тал тал
зорчигчтой нисч байна. Том эрх ашгаа бодох юм бол төр, хувийн хэвшлийн
хоёр компани бие биенээ ингэж шахах нь зохимжгүй. Тиймээс энэ
өрсөлдөөнийг боломжтой хэлбэрээр хязгаарлах, нэгэнт бий болсон компанийн
үйл ажиллагааг хориглохгүйгээр бодлогоо нэгтгэж консорциум болоод
ажиллах талаар ярилцаж болно. Ер нь МИАТ-ийг заавал хувьчлахаасаа
илүүтэй үндэсний авиа компаниудтай бодлого, нислэгийн хуваариа тохируулж
ажиллах чиглэлээр арга хэмжээ авах болов уу гэж бодож байна. Манай
улсад багахан л эргэлт байгаа шүү дээ. Тэгэхээр нислэгийн компаниуд яаж
нэгдэж, хэрхэн консорциум байгуулж болох вэ гэдэг талаар судлах нь зөв
алхам болох юм.

 Мөн шатахууны үнэ маш их өсч байгаа нь
алдагдалд орох нэг нөхцөл болж байна. Шатахуун нь хувийн хэвшилд байдаг
учраас дуртай үедээ үнээ нэмдэг. Шинэ яамд дээр шатахууны импортыг төр
өөрийн мэдэлдээ авна гэсэн яриа гарч байгаа. Энэ асуудал нааштайгаар
шийдэгдвэл монополь байдал, үнийн дарамтаас ангижрах боломж нээгдэнэ. 

Шатахууны
импортыг төр гартаа авах талаар өмнө нь ч нэлээд яригдаж байсан. Төр
энэ ажлыг хийж чадахгүй, улам хүнд байдалд орно гэж үзэх хүмүүс ч
байдаг?

Төрийн өмчийн нийт компаниуд алдагдалтай ажиллаж
байгаа гэдэг бол өрөөсгөл. Ашигтай, сайн ажиллаж байгаа компаниуд олон
бий. Энэ жил төрийн өмчит компаниуд зөвхөн ногдол ашгийн хэлбэрээр улсын
төсөвт 113 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үнийг төрөөс чанга барьж байгаа
учраас эрчим хүчний компаниуд л алдагдалтай ажилладгийг дээр хэлсэн.
Иргэдэд аль болох бага дарамт учруулах үүднээс үнийг ингэж зохицуулж
байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс төрийн өмчит компаниуд бүгд
алдагдалтай ажилладаг гэдэг нь ташаа ойлголт. Чөлөөт зах зээлд
ажилладаг, үнийг нь хэн ч хянадаггүй нөхцөлд өрсөлдөж ажиллаад
алдагдалтай байх юм бол удирдлага, менежмент муу байгаагийн шинж гэж
хэлж болно. 

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж