Дэлхийн нүүрсний нийт хэрэглээний тэн хагасыг БНХАУ дангаараа эзэлж байна. Тодруулбал, дэлхий даяар зургаан тэрбум тонн нүүрсийг хэрэглэдэг. Тус улсын хувьд дотоодын нүүрсний нийт хэрэглээ нь жилд 3.5 тэрбум тонн. Мөн ийм хэмжээний нүүрсийг олборлож, боловсруулдаг. Харин гаднаас дөнгөж 40 сая гаруй тонн нүүрсийг экспортолдог гэнэ. Дашрамд дурьдахад манай улсын Тавантолгойн 6.5 тэрбум тонн нүүрсний нийт хэмжээ Хятадын дөнгөж хоёрхон жилийн хэрэгцээ гэдэг нь дээрх тооноос харагдаж байна. Үнэндээ Хятадууд Монголоос авч буй 20-хон сая тонн нүүрсийг өрөвдсөндөө авдаг гэхэд бараг хилсдэхгүй. Бүхэл бүтэн тэрбум тонноор нь хэрэглэдэг улс дургүй нь хүрвэл Монголоос санаагаа буруулчихвал яана. Нүүрсээр бид эдийн засгийн хэдэн хувиа бүрдүүлдэг билээ гэдгийг бас санахад илүүдэхгүй биз ээ /төсвийн нийт 11 хувь/. Тэгтэл манай улсын нүүрсний жилийн хэрэглээ ердөө 10 сая тонн байдаг аж. Гэхдээ уг 10 сая тонн нүүрс бол чулуун нүүрснээс илчлэгийн хэмжээ хийгээд үнэ нь хэд дахин бага байдаг хүрэн нүүрс бөгөөд үүнийгээ эрчим хүч гаргаж авах зориулалтаар ашигладаг байна. Монголын компаниуд Хятадын аж үйлдвэрийн мужууд болох Хэбэй, Шианси, Таншан руу нүүрс гаргана гэх яриа гараад байсан. Мөн Баотоу, Ухай руу нүүрсээ зөөж зарвал тээвэрлэлтийн зардал нэлээд хэмжээгээр нэмэгдэж, тухайн хэсгийн уурхайн бүтээгдэхүүнтэй үнээрээ лав өрсөлдөж чадахгүй гэдгийг эдийн засагчид онцолж буй. Түүнчлэн түүхий нүүрсний үнэлгээг боловсруулсан нүүрсний тухайн бүсэд мөрдөж буй үнэлгээнд үндэслэн 35-40 хувиар хорогдуулж тооцдог болохоор Монголын нүүрс төдийлөн өндөр үнэлэгдэж чадахгүй юм байна.
Тэгвэл дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ хэрхэхийг ган үйлдвэрлэгч томоохон үйлдвэрүүдийн бодлогоос ихээхэн хамаарахыг шинжээчид хэлжээ. Тухайлбал, коксжих нүүрсний тонн тутмын үнэ 200 ам.доллараас доош орвол “ВНР Billiton”, “Rio Tinto”, “Teck Resources”, “Alpha Natural” зэрэг дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч, хэрэглэгч компаниуд уг нүүрсний үнийг өргөж өгөхийн тулд олборлолт, үйлдвэрлэлээ бууруулах гэнэ. Энэ тухай “CRT Capital Group’’-ийн шинжээч Куни Чен Хятадын томоохон сайтуудаар мэдээлжээ. Гэсэн хэдий ч Дэлхийн гангийн холбооны прогнозоор гангийн эрэлтийн өсөлт өнгөрсөн онд 5.6 хувь байсан бол энэ онд 3.6 хувь болж буурахаар байгаа учир коксжих нүүрсний олборлолтыг нэлээд их хэмжээгээр бууруулж байж үнийн уналтыг өргөж чадах бололтой. Хятадын гангийн хэрэглээ энэ жил 648 сая тонн байхаар төлөвтэй байгаа нь өнгөрсөн гуравдугаар сарын прогнозоос есөн сая тонноор буурсан үзүүлэлт аж.
Манай улсад эрчим хүчний нүүрс буюу хүрэн нүүрсний үнэд төрийн оролцоо маш их байгааг бизнес эрхлэгчид хэлдэг. Тодруулбал, Шивээ-Овоо, Багануурын нүүрсний уурхайг төр бараг бүхэлдээ эзэмшдэг аж. Харин Шивээ-Овоогийн цөөн хэдэн хувийг Америкийн тал эзэмшдэг гэнэ. Америкчуудын хувьд “Монголын төр дэндүү хариуцлагагүй ажилладаг” талаар байнга гомдоллодог. Багануурын нүүрсийг 19 мянга, Шивээ-Овоогийн нүүрсний нэг тонныг нь 20 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ мөнгөөр өнөөдөр ганц гутал ч авч өмсөж чадахгүй. Уурхайнуудын хувьд цахилгаан станцуудад дээрх хэмжээний мөнгөөр зараад бу-сад хувийн жижиг компаниудад тонныг нь 50 мянган төгрөгөөр худалдаалдаг. Гэтэл хот руу оруулж ирж иргэдэд жижиглэн хэлбэрээр зарахад үнийг нь тав дахин нугалж зарж байгааг мэргэжилтнүүд хэлсэн. Эцсийн дүндээ төрийн оролцоо хэт их байгаагаас болж зах зээлийн жамаараа өсч, буурах үнэ байхгүй болсон гэнэ. Тиймээс зөвхөн нүүрсний ченжүүдэд ашиг нь тусч уурхайнуудад өр шир, алдагдал нь хэвээр байгааг ч тэд хэлж байлаа. Энэ бүхэн адаг сүүлдээ нүүрсний цогц бодлогод өөрчлөлт оруулахыг харуулж буй юм.