МӨХ-ны шинэ ерөнхийлөгч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

МӨХ-ны шинэ ерөнхийлөгч хэн бэ?

Монголын
Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал ирэх ням гаригт болохоор тов нь
зарлагдаж, төлөөлөгчдөө ч хэдийнэ сонгож баталгаажуулсан гэнэ. Монголын
өмгөөлөгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, нэгэн дээвэр дор
нэгтгэдэг гэдэг утгаараа энэ удаагийн холбооны их хурал яах аргагүй
анхаарал татаж буй. Учир нь, энэ байгууллагыг 12 жил толгойлсон
Б.Пүрэвням ирэх ням гаригт ажлаа өгснөөр Их хурлын төлөөлөгчид нь шинэ
ерөнхийлөгчөөсөө гадна Удирдах зөвлөл, Сахилгын хороо, Хянан шалгагчдын
зөвлөлийн гишүүдээ бүрэн шинэчлэх гээд завгүйхэн өдрүүдийг ардаа орхих
юм. Б.Пүрэвнямын тухайд байгууллагынхаа дүрэмд зааснаар холбооныхоо
ерөнхийлөгчөөр хоёр ч удаа улиран сонгогдсон тул дахин сонгогдох эрх нь
автоматаар тасалбар болж буй. Иймээс ерөнхийлөгчийн суудлын төлөөх
марафон хүчээ авч, эрхүүгийн, их сургуулийн гэх мэт бүлэглэлүүд өөр
өөрийн хүнийг томилуулахаар энд тэнд хор найруулан буй сурагтай. 

Ямартай
ч өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 1000
гаруй өмгөөлөгчийг нэгтгэдэг Нийслэлийн зөвлөл хурлаа хийж Их хурлын
төлөөлөгчөө сонгож, мандатыг нь олгосон байна. Нийслэлийн зөвлөлийн
хурлаас Их хуралд оролцох мандат авсан 108 эрхэм бол зөвхөн Улаанбаатар
хотод үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгчдийн төлөөлөл нь. Тэгвэл хөдөө
орон нутгаас ч мөн төлөөлөл сонгогдох учиртай. Хөдөө орон нутгаас буюу
нэг аймгаас багаар бодоход хоёроос гурав гээд тооцвол энэ удаагийн Их
хуралд 180 гаруй өмгөөлөгч оролцох тооцоо гарч буй юм байна. Гэвч
тэднээс чухам хэд нь ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх нь нууц ч зарим нэг
нэрс тодроод эхэлсэн юм билээ. Эдгээр хүмүүсийн жагсаалтад З.Алтангэрэл,
Д.Батсүх, З.Сүх­баатар, Ц.Монгол нарын нэр дуулдсан бөгөөд холбоондоо
тун ойр шадарладаг нөхөд ч энэ суудлын төлөө шаргуу өрсөлдөнө гэдгийг
зарим эх сурвалж нуугаагүй. Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчид нэр
дэвших магадлалтай буй эрхмүүдийн заримаас цухас танилцуулахад Д.Батсүх
нь тус холбооны Сахилгын хорооны даргаар ажиллаж байсан нэлээд шударга
зарчимч нөхөр бол З.Сүхбаатар чамгүй боловсролтой залуу хэмээсэн. Харин
Ц.Монгол өмгөөлөгчийн тухайд нийгмийг цочирдуулсан олон томоохон хэрэгт
өмгөөлөгчөөр оролцож, нэр хүндээ өсгөж яваа хуульч гэхэд болно.

Зарим
эх сурвалжийн мэдээлснээр Өмгөөлөгчдийн холбооны энэ удаагийн Их хуралд
ганц өмгөөлөгчид ч бус цагдаа, прокурор, шүүх гээд хуулийн салбарынхан
бүхэл­дээ анхаарал тавьж байгаа гэсэн. Яагаад гэвэл Өмгөөлөгч­дийн
холбооны удирд­лагаар өөрсдийн талд элэгтэй хүнийг сонгуулчихвал ямар
нэг байдлаар ашиг тусаа өгнө хэмээн тэд үзэж байгаа дуулдсан юм.

Л.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж