Дэлхийг өөрчилж буй Малала охин амьд үлдэж чадсан

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Дэлхийг өөрчилж буй Малала охин амьд үлдэж чадсан

Дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр Пакистаны Сват тосгонд амьдардаг, наймдугаар ангийн сурагч Малала Юсуфагийн талаар онцолж байна. Өнгөрсөн мягмар гарагт түүнийг талибууд сургуулиас нь гарч явахад нь буудсан юм. Азаар амьд үлдсэн ч яаралтай мэс засалд орох хэрэгтэй болсон. Улмаар Пакистаны Засгийн газраас түүнийг эмчлэх боломгүй гэдгийг мэдэгдсэнээр Их Британи руу эмнэлэгт хүргэхээр болсон билээ. Пакистанаас Их Британи руу нисэх нислэгийг Арабын нэгдсэн Эмират хариуцахаар болсон бол эмчилгээний зардлыг түүнийг дэмждэг олон хүн гаргахаад болсон юм. Товчхондоо, дэлхийн томоохон одод түүний эмчилгээний зардлыг даахаар болсон талаар  CNN агентлаг мэдээлсэн.
Малала охин нь өөрийн нууц нэрээр 11 настай байхаасаа BBC агентлагт өөрийн хаалттай ертөнцийг захидлаар хуваалцдаг байж. Түүнийг хүрээлж буй ертөнцөд яагаад эмэгтэйчүүдийг хүндэлдэггүй, эрх тэгш бус байдаг талаар өөрийн бодлоо захидалдаа өгүүлдэг байжээ.

Өнөөдөр түүний эрүүл мэндэд санаа зовнисон сая, сая хүн дуу хоолойгоо нэгтгэсээр байна. Тэр ч бүү хэл “Im Malala” буюу “Би бол Малала” гэсэн хөдөлгөөн цар хүрээгээ тэлсээр байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад түүний эрүүл мэнд сайн байгаа аж. Бууны шарх авсан түүний хувьд мэс засал амжилттай болсон хэдий ч гэмтэл авсан хэсэгт нь дахин яс шилжүүлэн суулгах мэс засал хийх ёстойг эмч нар анхааруулжээ. Түүний гэр бүлийнхэн түүнтэй хамт Их Британи улсад хүрэлцэн ирсэн.

Ухаангүй байгаа Малала охинд Энх тайвны шагнал өгсөн нь түүнийг улам бүр алдаршуулсаар байна. НҮБ-аас түүний гэр бүлд аль нэг улсад цагаачлал олгох асуудлыг хуралдах талаар яриа гарсан. Мөн Ерөнхий сайд Йосеф Гилан охиныг таван мянган ам.доллараар шагнахаар болсон аж. Учир нь түүний хийсэн бүхэн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө байсан тул ийнхүү мөнгөн шагнал олгохоор болсон байна. Мөнгийг энэ долоо хоногийн баасан гарагт охины дансанд хийхээр болсон талаар “Reuters” агентлаг онцлов. Арабын ертөнцийн сая, сая эмэгтэйчүүд, хүүхдүүд Малала охины төлөө залбирсаар байна.

Тэрбээр Их Британи руу явахаас өмнө “Би одоо айхгүй байна. Өмнө нь айдаг байсан. Талибанчууд яагаад намайг, Исламын шашинтай эмэгтэйчүүдийг ийм их айдсаар булшилсан юм бэ. Би том болоод шударга ёсны төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө хийж чадах бүх зүйлийг хийнэ” хэмээжээ.

Пакистаны хүмүүнлэгийн бай­гууллагын ажилтан Малала охины нөхцөл байдлын талаар харамс буйгаа илэрхийлээд “Би түүнийг эрүүл мэнд үлдээсэй гэж хүсч байна. Пакистанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг байгууллага бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Ердөө л 14 настай охины дуу хоолойг  хаах гэсэн талибанчуудын оролдлого талаар боллоо. Пакистанд өнгөрсөн оны байдлаар 1400 гаруй дөнгөж төрсөн нярайн цогцос Карачи хотын эмнэлгийн цогцос хадгалах газарт тоологдсон байдаг юм. Энэ бол аймшигтай тоо” хэмээн BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Охин хүүхдэд энэрэлгүй Пакистаны нийгэмд Малала шиг охид олон байгаа гэдэгт түүний ээж итгэж явдгаа илэрхийлсэн байна.

Пакистан улсад эмэгтэйчүүдийг хөдөлмөрлөж, ажил хийхийг хориг­лодог учраас охин хүүхэд тэжээх нь зардлын нэмэр гэж үзэх нь элбэг аж. Мөн Пакистаны Засгийн газрын зүгээс “Боловсролын системийг сайжруулж байгаа” гэсэн ч өнөөдрийн байдлаар 55 сая Пакистан иргэн бичиг үсэг тайлагдаагүй хэвээр байгаа нь харамсалтай.

Өмнө нь гэмгүй пакистан охиныг буруутгах гэж байсан нэгэн удирдагчийг баривчилж байсан удаа бий. Пакистаны нийслэл Исламабад хотод уур хилэн нь дүрэлзсэн олон түмэн нэгэн охиныг “Өөрийн ариун бурхныг доромжилсон” гэх үндэслэлээр буруутгаж байсан. Тухайн үед охиныг хоёр долоо хоног цагдаа нар баривчилсан. Түүнийг Ришма гэдэг. Мөн л дунд сургуулийн сурагч.

Харин Малалагийн хувьд цагдаа нарт баривчлагдах биш толгой, мөр хэсэгтээ буудуулсан. Түүний аминд халдахийг завдсан, гэмтээсэн этгээдүүдийг Пакистан даяар эрэн сурвалжилж байна. Тус улсын эрх баригчид охины аминд халдах гэж оролдсон этгээдүүдийн талаар мэдээлэл өгсөн хүнд 10 сая рупи буюу 105 мянган ам.долларын шагнал амлаад байгаа. Хэрэв охины аминд халдсан этгээдүүдийг баривчилж, илрүүлэхгүй бол “Би бол Малала” хөдөлгөөн хөрш зэргэлдээ, цаашлаад исламын орнуудыг хамрах боломжтой юм. Пакистаны Дотоод хэргийн сайд Рехман Малик “Гэмт этгээдүүдийг олж илрүүлэх болно. Тэдний хаана юу хийдэг, хэн гэдгийг тун удахгүй олж мэднэ. Дараа нь манай улсад иймэрхүү зэрлэг, балмад халдлага дахин гарахгүй байх бүхий л арга хэмжээг авна” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.

Пакистан, Ирак, Иран, Афганистан зэрэг орнуудад “Би бол Малала” нэртэй цамц, цаасан малгай хамгийн их гүйлгээтэй байгаа талаар “Bloomberg” мэдээлсэн. Энэ нь дээрх орнуудад аль хэдийн хөдөлгөөн газар авсны гэрчилж буй. Малала охин дэлхийг өөрчилж байна. Дэлхий нийтийн боловсролыг хүүхэд, ялангуяа охидод эзэмшүүлэхийг урьтал болгохын оронд тэдний сурах орчныг хааж, хар багаас нь хүнтэй суулгахыг илүүд үздэг шашин болоод талибанчуудын хавчлага дунд амьдарч байгаа 60 сая гаруй охид Малалаг дэмжиж байгаа илэрхийлсээр байна. Хамгийн сүүлийн байдлаар Турк, Канад, АНУ-д Малала охиныг дэмжсэн жагсаал өрнөж буй талаар CNN агентлаг онцолсон.

Бага насны хүүхдүүдэд боловсрол олгох асуудал дээр НҮБ-ын хүний эрхийг хамгаалах байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах байгуул­лагуудтай хамтарч ирэх сарыг “Хүүх­дийн эрхийг хамгаалах сар” болгон зарлаж байгаа юм байна. Ирэх сард эхний ээлжинд Энэтхэг, Өмнөд Судан зэрэг орон төлөөлөгчөө явуулан, сургуулийн насны хүүхдүүдтэй санал бодлыг, сурах орчинтой нь танилцах юм байна. Жишээ нь Өмнөд Суданд 14-16 нас хүрч буй 100 мянган охидоос дөнгөж 400 гаруй нь сургуульд явдаг гэсэн судалгаа байдаг байна. Мөн Пакистанд ойролцоогоор 28 сая сургуулийн насны охид, хөвгүүд хөдөлмөр эрхэлж, нийгэмд өөрийн гэсэн байр суурь байхгүй хэвээр байгааг ЮНЕСКО онцолсон.

Өдгөө 14-хөн настай Малала охин 2009 онд буюу 11 настай байхаасаа өдрийн тэмдэглэл хөтөлж байжээ. Тэмдэглийн дэвтэрт өөрийг нь хүрээлж буй харанхуй, аймшигтай орчин, эмэгтэйчүүдтэй эрэгтэйчүүд хэрхэн харьцдаг талаар голлон бичсэн байдаг аж. Улмаар гурван жилийн дотор түүний ертөнцийг үзэх үзэл бага, багаар өөрчлөгдөж, өөрийн үзэл бодлыг дэлхий нийтэд нууцаар илэрхийлсээр байж.  Биеийн байдал нь тааруу байгаа уг охины төлөө дуучин Мадонна өөрийн дуу хоолойгоо нэгтгэлээ. Тэрбээр Лос-Анжелос хотноо хийсэн тоглолтынхоо үеэр “Human Nature” дууг Малала охинд зориулан дуулсан байна. Мадонна Малала охины тэмдэглэлийн дэвтрийн зарим хэсгээс тоглолтод ирсэн үзэгчдэд уншиж, уйлсан байна. Тэрбээр “Би түүнийг илүү боловсролтой сайн эмэгтэй болохыг хүсч байна. Бид 14 настай байхдаа гэртээ ээж, аавтайгаа оройн хоол идээд, аз жаргалтайгаар хичээл ном, баяр хөөрөө хуваалцдаг байсан. Гэвч түүний амьдрал ийм эрт аймшигт ертөнцийг танина гэж хэн ч төсөөлөөгүй байх” хэмээжээ. Мадонна нуруун дээрээ “Малала” хэмээн бичиж, дээрх дууг дуулсан талаар “MTV” үзүүлсэн байна.

Охин ягаан өнгийн даашинз өмсөхийг хүсдэг аж. Түүнийг дэмжигчид өчиг­дөр Пакистаны гудамж талбайгаар ягаан өнгийн даашинз, цамцтай эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлсэн юм.  Энэ үеэр түүний ар гэрийнхэн Их Британиас “Түүнийг хиймэл байдлаар амьсгалуулах тусгай аппаратнаас салгасан бөгөөд гар, хөл нь үл ялиг хөдөлж байгаа. Эдгэрээд босч ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн “France Presse” агентлаг мэдээлсэн юм.

Б.БААТАР
Эх сурвалж: Улстөрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж