Ц.Цолмонг гишүүнээс нь эргүүлэн татах уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Ц.Цолмонг гишүүнээс нь эргүүлэн татах уу?

УИХ
дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Ц.Цолмон МҮАН-аа
орхиж, МАХН-д орсон нь улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд байсаар
байна.

Хэдийгээр нэг намаас гарч нөгөөд элсэх нь тухайн хүний
эрх,  сонголт ч гэсэн Ц.Цолмон МҮАН-ын квотоор, намын жагсаалтаар УИХ-ын
гишүүн болж, МҮАН-ын квотоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооны даргаар сонгогдсонд хэргийн учир байгаа юм. Хэрэв тойрогт нэр
дэвшиж, тойргийн сонгогчдын итгэлийг авч УИХ-д сонгогдсон бол Ц.Цолмон
гишүүний намаа сольсныг гайхаж үзэхгүй байсан юм. Учир нь өмнө нь
М.Энхсайхан, Л.Гүндалай гээд цөөнгүй гишүүн нам хольж сольж байсан.
Тойргоос сонгогдсон тул сонгогчид эргүүлэн татахгүй л бол тэдний бүрэн
эрхэд хэн ч халдах эрхгүй байсан.

Харин намын жагсаалтаар УИХ-ын
гишүүн болсон хүн намаа сольж туйлсан нь МҮАН-ын зүгээс түүнийг эргүүлэн
татаж өөрийн квот дээр өөр хүнийг УИХ-ын гишүүн болгох эрхийг үүсгэжээ.

 “Хэрэв Ц.Цолмон гишүүн МАХН-д элсэх байсан бол УИХ-ын
гишүүнээсээ эхлээд татгалзах ёстой байсан. Суудлаа аваад өөр намд элссэн
тул “Шударга ёс” эвслийг байгуулсан хоёр намын хоорондын эвслийн гэрээ
зөрчигдөх үндэслэлтэй” гэж улс төрийн хүрээнийхэн үзэж буй.

Үе үе
яригдаж байгаачлан эвсэл задарч угшлаа даган МАН-тай МАХН , АН-тай МҮАН
нэгдвэл ардчилагчдын нэг суудал эзнээ дагаад МАН руу орохоор байгаа юм.
Тиймээс Ц.Цолмон гишүүний МАХН-д элссэн нь яваандаа том асуудлын эхлэл
болж мэдэхээр байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж