Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Танилын маань хоёр хүү өнгөрсөн хавар арваннэгдүгээр анги төгслөө. Оюутан болно. Улаанбаатар руу явна гээд л бөөн баяр. Тэднийх Эрдэнэтийн айл болохоор тэндээ сурсан ч боломжтой. Гэвч заавал нийслэл рүү явна гэж зүтгэцгээв. Том хүү нь Улаанбаатар хотын ШУТИС-ийн салбар МИС-д орлоо. Харин дүүг нь аав нь дэргэдээсээ холдуулахгүй гэж зэмлэсээр Эрдэнэтэд авч үлдэж дөнгөв. Ах нь даруу зантай, хичээлээс салдаггүй болохоор гэрээсээ хол явсан ч чих халууцуулаад байхгүй гэж аав, ээж хоёр нь элсэлтийн шалгалтаар орсон сургуульд явууллаа. Том хүүгээ МИС-ийн дотуур байранд суулгахаар шийджээ. Гэвч “Дотуур байранд суулгаад хэрэггүй, шилтэй цэнхэртэй нөхөрлөөд байдаг юм” гэсэн зөвлөгөөг олон хүн өгч ингээд найзындаа суулгахаар болов. Харин бага хүүгийн тухайд нэлээд асуудалтай нөхөр аж. Шөнө дөл болтол гэрийн бараа харахгүй компьютер тоглоод алга болдог. Хотод очвол мөрийтэй тоглоом тоглоод орох оронгүй болгож мэдэх хүн гэж болгоомжлоод хараа хяналтаас салгахгүйн тулд ийн хажуудаа байлгахаар шийдэв. Ингэж хаширлах учир бас бий аж. Тэдний хамаатных нь хүүхэд хотод оюутан болж ирээд хоёрдугаар дамжаанд орох жилээ бөөн хэрэг мандаажээ. Өвөрхангайд амьдардаг аав, ээж хоёрт нь нэг л өдөр их хэмжээний өр нэхсэн бичиг хүргүүлж шоконд оруулжээ.
Гэтэл хотод оюутан болж ирсэн хүү нь мөрийтэй тоглоом тоглож 20 орчим сая төгрөгийн өрөнд оруулчихаад өөрөө хэд хоног сураг алдрав. Төрийн байгууллагын жирийн нэг албан хаагч аав нь их өр төлөх бас хүүгээ хайж олох гээд толгой өвтгөсөн зовлонд уналаа. Хашаа, байшингаа барьцаалж мөнгө зээлж өр төлөх гээд багагүй асуудал ундарчээ. Тавьсан өр төлбөрийг нь төлж хэдэн өдөр эрэл сурал болж байж хүүхдээ олоод сая нэг нь санаа нь амрав. “Уг нь шугам зургийн хичээлээр аймагтаа тэргүүлдэг байсан. Энэ авьяасаараа хоолоо олж иднэ гэж барилгын архитекторын мэргэжлийг сонгосон даанч яав даа” гэж ээж нь халаглана. Ингээд сургуулийн төлбөр төлөх нь байтугай, банкны их өрөнд унагасан хүүгийн архитекторч болох мөрөөдөл замхарчээ. Хамаатных нь хүүгийн энэ мэдээ танилын маань чихэнд хүрч бага хүүгээ хажуудаа чөдөрлөж үлдсэн нь тэр. Ер нь оюутнууд мөрийтэй тоглоом тоглож өрөнд оруулсан жишээ ганц үүгээр зогсохгүй. Хувийн нэгэн сургуульд сурахаар ирсэн Б гуравдугаар дамжаанд орсон өвлөө бараг л хичээлд яваагүй аж. Тэрбээр покер тоглож аавыгаа дөрвөн сая төгрөгийн өрөнд оруулж сургуулиа орхиход хүрчээ. Одоо тэр малчин болсон. Шинэ цагийн оюутнуудын эрх чөлөө ийн хэрээс хэтэрчээ. Аав, ээжийнхээ хөлсөө урсгаж олсон хэдэн төгрөгөөр тэд дээрхийн адил тансаглаж явна. Тэдний эрх чөлөө хэтэрсэн үү гэхээс хязгаарлагдаагүй. Улсаас байнга харж үзнэ. Сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй. Бас нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх тэдэнд бий. Нийтийн тээвэр гэснээс автобусаар хамгийн их зорчдог хүмүүс нь оюутнууд. Тэд автобусанд ороод л хамаг сандлыг нь эзэлчихнэ. Тэгээд таяг тулсан хөл муутай хөгшин, хүүхдүүдэд суудал тавьж өгнө гэж гонжийнжоо. Чихэндээ чихэвч зүүчихээд, бохь зажлаад буруу хараад суучихна. Хажууд нь цүнхээ дааж ядан түүртэх зургаан настан, таяг тулсан эмээ зогсоод автобусны донсолгоонд шидэгчихгүйн тулд тэдний сандлаас тас зуураастай, горьдлогын нүдээр харах нь өрөвдмөөр. Гэвч оюутан ах, эгч нар суудал тавьж өгнө гэж ярихгүй. Ардчилал, эрх чөлөө гэдэг оюутнуудад ийм хүмүүжил олгодог бололтой.
Гэтэл улсдаа хэрэгтэй иргэн болж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах хүмүүс гэж ирээд л төрөөс тэтгэмжийг харамгүй хайрлана. Аливаа юмны үнэ цэнийг мэддэг ухаалаг оюутнууд төрөөс өгсөн тэтгэмжээр амьдраад л явдаг юм билээ. Нэг хэсэг нь өмнөө тавьсан зорилгодоо хүрэх гэж зүтгэж явахад харин саар нөхдүүд тэднийг араасаа чирээд байдаг нь харамсалтай. Төрөөс өгсөн 70 мянгаараа шоудчихаад “Мөнгө байхгүй хэцүү байна. Бие даалт, курс, дипломын ажил” гээд л нэг л их эрдэм сурч байгаа хүмүүс гэр рүүгээ зовлон тоочиж хэд гурван төгрөг нэхэж суудаг нөхдүүдийг оюутан гэж хэлэхэд хэцүү. Шоучид гэвэл илүү зохих юм шиг. Ийм шоучид хэр олон байдгийг судлуулах юмсан. Улсын хэмжээнд өнөөдөр 90 гаруй их дээд сургуульд 160 гаруй мянган оюутан суралцаж байгаа гэсэн судалгааг холбогдох газраас нь гаргасан байдаг. Тэгэхээр Монголд хангалттай боловсон хүчин бэлтгэгдэж байна гэсэн үг. Гэвч сурахаасаа сурахгүй нь олон юм. Амьдрал дээр гараад ажлын шаардлагад нийцэхгүй, сурсан мэдсэн зүйлээр дулимагхан байдаг нь даанч харамсалтай. “Бага ангийн багш болж зургаан настнуудтай зууралдаж толгойгоо өвтгөж, махаа зулгааж сууснаас ямар нэг аргаар магистрын диплом олж аваад их сургуульд багшилсан нь дээр” гэж найз маань нэг удаа ярилаа. Учрыг нь лавлабал оюутнуудад хичээл заах хамгийн амар байдаг гэнэ. Сурах сонирхолтой нэг нь сурна, сурахгүй байгаатай нь заавал зууралдаад байх шаардлагагүй. Сургалтын төлбөр гэж жилд өчнөөн мөнгө төлчихөөд дөрвөн жилийг шоудаж өнгөрөөвөл оюутны өөрийнх нь хохь. Багш заах ёстой хичээлээ заачихаад оюутнуудын төлсөн төлбөрөөс цалингаа аваад явж байвал бол оо. Та нар сураад өгөөч гэж гуйж түүгээд байх албагүй гэлээ. Үнэхээр ч эрх чөлөө гэдэг ийм аж. Гэхдээ л оюутнууд дэндүү даварч байгаа бус уу.

Б.ГАНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж