Каннд Испанийн кино цахиур хагаллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Каннд Испанийн кино цахиур хагаллаа

Каннын кино наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Шилдгийн шилдэг гэсэн бүтээлүүдээс сорлон хүргэж буй энхүү наадамд өчигдөр гарсан бүтээлүүдээс найруулагч Alejandro Gonzalez Inarritu-гийн бүтээл "Biutiful" нэртэй кино онцгойрон ялгарч чаджээ.
Хэдийгээр өдөр бүр шилдэг бүтээлүүдээс танилцуулж байгаа ч "Biutiful" кино шиг үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээл хараахан танилцуулагдаагүй байсан хэмээн шүүмжлэгчид дүгнээд байна.
Өмнөх өдөр нь нээлтэ хийсэн Bertrand Tavernier-ын 16 дугаар зууны үеийн харгис хатуу шашны дайн, аллага хүчирхийллийг эсэргүүцэн тэмцэгч бөгөөд тухайн цаг үеийн хүн ардын айдас, зовлон зүдгүүрийг бүрэн утгаар нь мэдрүүлэх "The Princess of Montpensier" кино шүүгчдээс сайн үнэлгээ авсан ч хараахан дээд шагналд тодрохоор хэмжээний биш хэмээн дүгнэгдсэн.
Наадмын ерөнхий шүүгч Tim Burton энэ жилийн дээд шагналыг шинэлэг сэтгэлгээ, эрэл хайгуул хийсэн өвөрмөц шийдэлд олгоно хэмээн онцлоод байгаа.
Энэхүү шалгуурт нийцэж чадах бүтээлийн жагсаалтад өчигдөр буюу даваа гаригт танилцуулагдсан Alejandro Gonzalez Inarritu-гийн бүтээл "Biutiful" нэрлэгдээд байна.
Киноны гол дүрд Испанийн нэрт жүжигчин 41 настай Javier Bardem тоглосон ба тэрбээр 2000 онд “Before Night Falls” кинонд бүтээсэн Reinaldo Arenas-ын дүрээрээ “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн төрөлд нэр дэвшин, анхны “Оскар”-т нэр дэвшсэн Испани жүжигчин болсон юм.  

Дашрамд сонирхуулахад, найруулагч Alejandro Gonzalez Inarritu нь Каннын наадмаас хоёр ч удаа шагнал авч байсан түүхтэй.
2000 онд кино шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал, 2006 онд Brad Pitt, Adriana Barraza, Rinko Kikuchi, Cate Blanchett, Gael Garcнa Bernal, болон Koji Yakusho зэрэг од гол дүрд нь тоглосон, өвөрмөц зохиол бүхий “Babel” киногоороо “Шилдэг найруулагч”-ийн шагналыг тус тус хүртэж байжээ.
Мөн түүний нилээд хэдэн кино нь гадаад хэл дээр хийгдсэн киноны төрлөөр “Оскар” болон “BAFTA”  (British Academy of Film and Television Arts)-д нэр дэвшиж байжээ.
Энэ жил ч ганзага хоосон буцахгүй бололтой.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж