Монгол Ардын нам=МАХН. Ийм нэгэн мессэж хэвлэлээр “нисээд” удав. Хурд нь гайхалтай хурдан. Хүртээмж өргөнтэй. Хүрсэн хүн бүртээ үгийн цаадах үг болж буухдаа гаргуун. Яг л соронзон таталцал мэт. Нэгдэх зорилго нь, “Энэ хоёр намын хооронд чанарын ялгаа байхгүй”. Хоёр дахь нь “Алинд нь ч элссэн хамаагүй. Нам нь нэг юм чинь”. Гурав дахь нь “Ардын намынхан МАХН-руугаа шилжээд дуусч байгаа гэсэн”…Нэг зорилготой, гурван салаа утга бүхий үүрэг дээрх мессежид багтаж буй. Тийм ч учраас интернэтийн хурдаар түгэн дэлгэрч байна. Санаатай, санамсаргүйгээр тараах нь ч их болж. Санаатай нэгэн нь цаанаасаа захиалгатай зүтгэж байхад санамсаргүй нэг нь ердөө л “copy” хийх замаар захиалагч талын эрх ашигт үйлчлэх нь сонин. Энэ бол интернэтийн эрх чөлөөний давуу тал. Тийм ч учраас дээрх мэдээллийг түгээгчид сүүлийн үед цахим ертөнцийг ашиглан хувьсгал хийх арга ухаанд мэргэшиж буй бололтой юм.
Үүний нэг нь “Үхэж буй Н.Энхбаярын тухай мэдээлэл”. Сэтгэл өвдөхгүй байхын аргагүй бодит тайлбарууд. “Өмгөөлөгч нь Н.Энхбаяртай уулзлаа”. “Түүний үхэх гэж байгаа нь үнэн байна” гэх мэдээллүүд нэг хэсэгтээ л монголчуудын тархиар тоглосон. Тэгвэл өнөөдөр тарааж байгаа зорилтот мэдээлэл нь “Н.Энхбаяр хордсон гэдэг нь үнэн байна” гэсэн сенсааци. Энэ талаар тухайн үед мэргэжлийн эмч нар нь мэдээлэл өгч байсан. “Бидний мэддэг анагаахын шинжлэх ухаанаар Н.Энхбаяр гэдэг хүнд хордсон хэв шинж алга аа” гэж. Гэтэл үүнийг нь Н.Энхбаярын талынхан зохион байгуулалттай кампанит ажлаараа бараг л нураасан. Мэдээж үхэж байгаа тухай мэдээллээрээ. Үүний өмнө УИХ-ын сонгуульд ч бас ашигласан.
“Үхэж байна”… Үүнийх нь үр дүнд МҮАН хийгээд МАХН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-ын сонгуульд бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадсан. Гайг гавьяа болгож харах улс төрийн стратеги төлөвлөгөө нь тэдэнд энэ мэтээр ашиг өгсөөр байгаа. Одоо Орон нутгийн сонгуульд л ашигтайгаар эргүүлэх нь чухал болоод буй. Үүнийхээ төлөө “Ардын нам МАХН хоёр бол нэг угшилтай” гэсэн мессэжийг хэвлэлээр тус намын амтай бүхэн ярьж байна. Интернэтээр түүнийгээ анализ өгүүлэл болгон тарааж байна. Яг л “Н.Энхбаяр үхэж байна” гэсэн мэдээллийнхээ адилаар. Тэд ингэснээрээ Орон нутгийн сонгуульд оноо авч чадна гэдэгтээ түмэнтээ итгэж байгаа. “Хөдөө орон нутгийн сонгогчид Ардын нам МАХН хоёрыг адилхан гэж төөрөлдөж магадгүй. Тэр хэрээр манай нам Орон нутгийн сонгуульд амжилт олж, тухайн орон нутгийн засаг захиргааг эрх мэдэлдээ авна” гэж. Энэ бол МАХН-ын дарга Н.Энхбаяр ба түүний нөхдийн бодож олсон мэдээллээр дамжуулан сонгогч олны тархийг угаах гайхамшигт төлөвлөгөө нь. Улс төрийг хялбар аргаар, бага зардлаар хэрхэн үр ашигтай хийж болдог нотолгоо нь.
Нэг ёсны МАХН-ын өдүүлсэн мэдээллийн ноёрхол та бидний зүрх сэтгэлээр тухай бүртээ тоглосоор ирсний баталгаа юм. “Ардын нам МАХН хоёрт чанарын ялгаа алга” гэдэг хийсвэр дүгнэлт. Чухам үүнд Ардын нам нь ямар тайлбар өгөхийг мэдэхгүй ч МАХН-ын зүгээс ирэх өдрүүдэд “Манай хоёр нам их удахгүй нэгдэнэ” гэж ярьж, хэлж эхэлбэл битгий гайхаарай. Тэд Орон нутгийн сонгуульд санал булаах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсний баталгаа нь энэ байх бөгөөд хуурмаг мэдээлэлд хувь заяагаа даатгах монгол түмний сэтгэхүйгээр наадсан шиг наадаад өнгөрөх стратеги гэдэг энэ бөлгөө.