-2013 оны нэгдсэн төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ. Энэхүү төсвийн төсөлд Ардын намын гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, та Ерөнхий сайдын багцад тусгасан 50 тэрбум төгрөгийг уран олборлох зорилгоор ашиглах гэж байна гэж хардаж байгаагаа дуулгасан. Ямар учраас ийм хардлага төрсөн юм бэ?
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийн оруулж ирсэн 2013 оны төсвийн төсөл нь тодорхойгүй, Монгол Улсын өнөөгийн чадамжийг давсан, ирээдүйд их өрийн дарамт учруулж мэдэх эрсдэлтэй төсөв байсан учир манай намынхан шүүмжилж байгаа юм. Төсвийн тодорхойгүй байгаа шалтгааныг Ерөнхий сайд тайлбарлахдаа “Цаг хугацаа давчуу байсан учир бид хийх зүйлсээ тодорхой болгож чадаагүй” гэж байгаа юм. Гэтэл 2004-2008, 2008-2012 оны Засгийн газар энэ удаагийн Засгийн газраас цаг хугацааны хувьд нэлээд хожуу байгуулагдаж байсан атлаа төсвийн тухай хуулийг заасан цаг хугацаанд нь хийх зүйлсээ тодорхой болгочихоод УИХ-д оруулж хэлэлцүүлж байсан шүү дээ. Харин энэ жил Улсын их баяр наадмаас өмнө УИХ-ын гишүүд тангаргаа өргөөд УИХ-ын чуулганы хуралдааныг хийсэн. Засгийн газар наймдугаар сард байгуулагдлаа.
Өөрөөр хэлбэл, хангалттай цаг хугацаа байсаар атал бүх зүйл нь тодорхойгүй төсөв оруулж ирчихээд “Бидэнд цаг байгаагүй” гэж тайлбарлаж байгаа нь байж болохгүй асуудал. Үүний хамгийн том жишээ нь Ерөнхий сайдын багцад юунд зориулагдах нь тодорхойгүй 50 тэрбум төгрөг тусгагдсанд байгаа юм. Ерөнхий сайд төсвийн ерөнхийлөн захирагчийнхаа хувьд ирэх онд ураны дөрвөн орд газрын ТЭЗҮ-ийг боловсруулна. Улаан-Уулын ураны орд газарт олборлох үйлдвэр барина. Монгол Улсад атомын цахилгаан станц барих ТЭЗҮ-г боловсруулна гэж заасан байсан. Тиймээс би энэ бүхэндээ дээрх 50 тэрбум төгрөгийг зарцуулах гэж байгаа юм биш биз дээ гэж хардаж байгаа юм. Энэ нь Цөмийн энергийн тухай хууль, Стратегийн хөрөнгө оруулалттай салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль зэргийг зөрчих болчихоод байгаа учир ийм хардлага төрсөн юм. Угтаа бол энэ асуудлыг Оюутолгойн гэрээ шиг УИХ-аар хэлэлцүүлж байж шийдэх ёстой байсан юм. Нөгөөтэйгүүр, олон улсын тавцанд ураныг зөвхөн эрчим хүч гаргаж авах зорилгоор олборлодог. Гэтэл бидэнд эрчим хүч гаргах нүүрс, нар, салхи байхад заавал уран олборлох хэрэг байна уу. Мөн энэ удаагийн төсвийн төсөл нь Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн хуулийн төсөл болсон. Тухайлбал, Ардчилсан намын нэр дэвшигчдийг сонгосон тойрогт маш их мөнгө хуваарилсан атлаа Ардын намын нэр дэвшигчдийг сонгосон тойрогт бараг хөрөнгө хуваарилаагүй байх жишээтэй. Ингэж ард түмэндээ ялгавартай хандаж болох уу.
-Хамтарсан Засгийн газрын үед “Ураны хаягдлыг Монголд булшлах нь” гэсэн яриа гарсан. Тухайн үед энэ ажлыг Ерөнхий сайд асан С.Баяр, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар санаачилсан гэгдэж байсан. Одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг тухайн үед Тэргүүн шадар сайдын албыг хашиж байсан учир энэхүү ажлыг албан ёсоор үргэлжлүүлэх гэж байгаа ч юм бил үү?
-Хамтарсан Засгийн газрын үед уран олборлох асуудлыг бодлогын хүрээнд оруулж ирээгүй шүү дээ. Харин ч Монгол Улс цөмийн хаягдалгүй орон гэдгээ гадаад, дотоодод тунхаглаж байсан. Гэтэл шинэчлэлийн Засгийн газрын үед энэ асуудлыг бодлогын төвшинд оруулаад ирж байгаа нь тэр бүх ярианы цаад эзнийг нь тодруулчихлаа гэж бодож байгаа шүү. Тухайн үед Японы “Майничи” сонин л цуурхал тараасан. Дараа нь тухайн сонин манай улсын Засгийн газраас уучлалт хүртэл гуйсан шүү дээ.
-Монгол Улсын Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргах санал оруулж ирсэн. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Өмнөх Засгийн газруудын үед дандаа төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор бонд гаргаж байсан бол энэ удаагийн Засгийн газар хөрөнгө оруулалтын бонд гаргах гэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ таван тэрбум ам.долларын бонд гэдэг хэтэрхий их тоо. Нэг тэрбум ам.долларын бонд бол болж байгаа юм л даа. Таван тэрбум ам.доллар гэдэг бол өнгөрсөн 22 жилийн хугацаанд Монгол Улсын гадаадаас авч байсан зээлийн 50 хувьтай тэнцэх хэмжээ юм. Хууль санаачлагч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ч иймэрхүү санал гаргаж байгаа. Тиймээс Засгийн газар таван тэрбум ам.доллар гэдэг саналаа татаж авах хэрэгтэй болов уу.
-Та бүхний тавьж буй саналыг Засгийн газрын зүгээс хүлээж авахгүй бол яах вэ?
-Тэдний л мэдэх асуудал. Бид эрхийнхээ хүрээнд асуудал хөндөж байна. Ер нь одоо үүсээд байгаа нөхцөл байдал бол манай намыг бүлэггүй байлгасны үр дүн. Ардчилсан намынхан энэ мэт асуудлаа цэгцэлснийхээ дараа аандаа Ардын намын бүлгийг байгуулна. Үүнийг Ардчилсан намынхан олонхи болоогүй атлаа парламентын түүхэнд хамгийн том дарангуйлал бий болгож, хүч түрэн өөрсдийн дураар хэдэн сар дургиж байгаа үзэгдэл гэж өөрөөр хэлж болох юм.
-Энэ мэт асуудал гэдэг нь юуг хэлж байгаа юм бол?
-Хэрэв Ардын намын бүлэг байгуулагдчих юм бол Байнгын хороод, УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа асуудлуулуудад Ардын намын бүлгийн байр суурь илэрхийлэгдэж, сөрөг хүчний хяналт жинхэнэ утгаараа бий болно. Одоо бол хяналт тавих эрхийг нь хаачихаал байгаа байхгүй юу. Тиймээс манай намын бүлгийг байгуулахгүйгээр Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг баталсан. Мөн Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх, төсөв, мөнгөний бодлогыг хяналтгүйгээр зарцуулах гэж Ардчилсан намын цөөн тооны олигархиудын хийж байгаа ажил.
-Өвөрхангай аймаг буюу УИХ-ын аравдугаар тойрогт танай намаас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчийг хууль бус үйлдэл хийсэн гэсэн шийдвэрийг шүүхээс гаргалаа. Та шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Өвөрхангайчууд сонголтоо хийхдээ манай намаас нэр дэвшсэн хоёр хүнд итгэл хүлээлгэж, илт давуу ялалт байгуулах боломж олгосон. Тухайлбал, манай намаас нэр дэвшчигчид Ардчилсан намаас нэр дэвшигчдээс 3000 орчим саналаар илүү байсан шүү дээ. Гэтэл хэдхэн шүүгч сууж байгаад ард түмний сонголтыг хүчингүй болгочихдог ийм тогтолцоо байж болох уу. Хэрэв үнэхээр л хэдхэн шүүгч ард түмний сонголтыг өмнөөс нь гаргачихдаг байх юм бол бид заавал сонгогчидтойгоо уулзаж, хөрөнгө мөнгө зараад байх шаардлага байхгүй байна шүү дээ. Хэн нь УИХ-ын гишүүн болохыг хэдэн шүүгч нь сууж байгаад л шийдчихнэ биз дээ. Гэхдээ би Улсын дээд шүүх ийм увайгүй үйлдэл хийхгүй байх аа гэж бодож байгаа. Ер нь Ардчилсан намаас Өвөрхангайд нэр дэвшигчид ялагдсаныхаа дараа будилаантай асуудал гаргаж, тухайн нутгийн иргэдийг УИХ-д төлөөлөлгүй болгочихдог жишиг тогтчихсон юм уу даа. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа нэг жил орчим хугацаанд Өвөрхангайчуудыг УИХ-д төлөөлөлгүй байлгаж байгаад УИХ-ын дарга З.Энхболдыг шүүхийн шийдвэрээр оруулж ирсэн. Одоо дахиад л энэ үйлдэл давтагдаж байна шүү дээ. Парламентад тухайн аймгийн иргэд төлөөлөлгүй байна гэдэг чинь тухайн тойрогтой холбоотой төрийн хэмжээнд гарч байгаа шийдвэрүүд өрөөсгөл гарах нөхцлийг бүрдүүлчихдэг байхгүй юу. Хамгийн гол нь сонгогчдод нь маш их хохирол учруулдаг юм.
-“Ардын нам болон МАХН-ынхан нэгдэх ёстой” гэсэн байр суурийг танай хоёр намын гишүүд илэрхийлснээс болоод танай хоёр намынхны дунд ийм яриа өрнөж байж магадгүй гэсэн болгоомжлол үүссэн. Энэ бүхнээс болоод Ардчилсан намынхан УИХ-д төлөөлөлгүй байгаа тойргуудыг өөрийн болгохоор зүтгэж эхлэх шиг боллоо. Үнэхээр тийм яриа танай хоёр намынхны хооронд өрнөсөн юм уу?
-Улс төрийн намууд үзэл баримтлал, улс орны эрх ашгийн төлөө нэгдэж, хамтарч ажиллаж болно шүү дээ. Гэхдээ Ардын нам болон МАХН-ынхны дунд албан ёсоор ийм яриа хэлэлцээр явагдаагүй гэж би ойлгож байгаа. Жирийн гишүүд, улстөрчдийн дунд ийм хүсэл байгааг үгүйсгэхгүй. Улс төрийн нам гэдэг өөрөө олон түмний үзэл бодлын уралдааны талбар байдаг учир манай хоёр намын гишүүд хоорондоо ярилцаад, нэгдсэн нь улс оронд хэрэгтэй гэж үзвэл энэ бол үгүйсгэх асуудал биш. Ялангуяа Ардчилсан намынхан Засгийн эрхийг гартаа аваад өнөөгийн нийгэмд дарангуйлал, айдас бий болгож, хуулийн дээгүүр давж гишгэж байгаа энэ үед Монгол Улс аа гэсэн сэтгэлтэй, хууль ёс, ардчиллын үнэт зүйлийг дээдэлдэг улс төрийн нам, хүчнүүдэд хамтарч ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс энэ хүрээнд хамтарч ажиллах байх гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.