Сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид айлтгахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид айлтгахаар боллоо

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, Сонгуулийн төв байгууллагын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн  тухай  хуулийн зарим заалт болон Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/14 дүгээр шүүхийн тогтоолыг тус тус үндэслэн тогтоол гаргалаа. Тогтоолоор УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 37 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн Содномын Чинзориг, Намхайн Төмөрхүү нарт холбогдох хэсэг болон 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцов.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны үйл ажиллагааг 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгох тухай шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт явагдсан УИХ-ын сонгуулийн санал хураалтад оролцсон сонгогчдын 19939 буюу 40.39 хувь нь нэр дэвшигч Гаваагийн Батхүүгийн төлөө, 16795 буюу 34.02 хувь нь нэр дэвшигч Дашзэвэгийн Зоригтын төлөө санал өгсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч Гаваагийн Батхүү, Дашзэвэгийн Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо үзэж холбогдох шийдвэр гаргав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж