Гэхдээ түүний нар харах хүслийг сонсох дэмжих хүмүүс арай олон болсон гэж бодож байна. “Нар харах хүсэл” хэмээх жижигхэн бичвэр одоогоос гуравхан сарын өмнө буюу зургадугаар сарын 22-нд “Ардын эрх” сонинд гарсан. Сонгуулийн сурталчилгааны ид үе байсан болохоор зарим нь нэг их анзаараагүй, магадгүй ихэнх нь сонгуулийн сурталчилгааны материал гэж ойлгосон ч байж болох юм. Гол баатрын нэрийг өөрчилж “будилуулсан” болохоос биш энэ бол бодит явдал юм. Нэр өөрчлөхийн учир нь гэвэл зөвхөн тэр хүнд тулгараад буй асуудлын тухай бус нийтлэг олон асуудлуудыг нийлүүлэн хэлэхийг хичээсэндээ бичигч “бантсан” хэрэг. Гэвч нэрийг нь булзааруулаад байсан баатар маань өнөөдөр ч хэвээрээ л байна. Тэр бүсгүй нар харах эрхийнхээ төлөө тэмцсээр л байгаа.
Намрын нар цаашилж, өвлийн жавар айсуй байгаа энэ үед нар харах гэдэг үг жаахан тохиромжгүй ч байж болох. Гэвч энэ бол хүний үндсэн эрх хийгээд миний л бодлоор зүрхэнд минь хамгийн ойрхон Улаанбаатар хотын маань амь тулгамдаж буй асуудал. Зүв зүгээр явж байхад чинь хажууд чинь кран унаж хүүхдийн амь насыг авч одож, чихэвч зүүгээд алхаж явсан цэл залуухан хүүгийн дээр төмөр унаж амийг нь бүрэлгэж байхад нар харах ч яамай гэж бодогдох нь зүй. Ийм элэг эмтэлсэн асуудлыг хөндөхгүйгээр өнөөдөр байгаа орчноо харахад ч яалтай ч байгаа билээ.
Дайны дараа бөмбөгдүүлэн сүйрсэн хотын гэмээр гудамжаар бид алхаж, дараагийн “дайн”-даа бэлтгэж байгаа. Замын түгжрэл, хэзээ засагдах нь тодорхойгүй энхэл донхол замууд гэсэн гамшгуудыг арайхийн тэсвэрлэн өнгөрөөхөд утаа гэгч гамшиг биднийг хүлээж байгаа. Гэхдээ Цэрэндулам, Алтантуяа, Дорж, Дондог, Дулмаа, Тунгаа бид “нар” харахыг хүсч байгаа. Тэр нь жирийн л жаргалтай, айх аюулгүй, нартай Монгол. Сөөм газар олдохгүй байгаа жирийн иргэнд ч, дэлэм дэлмээр газартай ч сэтгэл ханахгүй байгаа хүмүүст ч төрсөн газар, эсвэл суурьшсан газар нь Улаанбаатар д биз дээ. Улаанбаатар өнөөдөр Утаанбаатар, удаан баатар байгаа ч гэсэн гэсэн нэгэнт эрмэлзлэл, итгэл байгаа юм чинь Цэрэндулам дахиад хөшгөө нээх байх аа.