Илтгэгчид “2013 онд инфляцийг 8 хувь байхаар тооцсон. Гэхдээ хэлбэлзэлтэй, оны эцэст 8 хувиа барьсан байхаар төсөөлж байгаа. Үнийн өсөлт ханшийг өсгөдөг, санхүүгийн зах зээлийг хуньдаг, эдийн засгийн өсөлтийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл эрэлт бага нөхцөлд мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд хүрнэ. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авна. Төсөв харьцангуй тогтвортой тоогоор илэрхийлэгддэг бол мөнгөний бодлого өөрчлөлт ихтэй байдаг. Инфляцийг нөлөөлөх хүчин зүйлүүд, тодорхой бус эрсдэлүүдийн хамт тооцож төсөөлж байгаа. Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагааны ил тод байдлыг Монголбанк хангаж ажиллана. Ханшаар улс төр хийх нь зохимжгүй. Санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлнэ. Монголбанкны одоогийн бүтэц зохисгүй, бие даасан байдлыг нь хязгаарласан байгаа. Иймээс удирдлагын бүтцийг өөрчлөх, бодлогын зөвлөлтэй болох хэрэгтэй байна. Ингээгүйгээс мөнгөний бодлогод зориулах цаг анхаарлаа засаглалын ажилд зарцуулаад байна. Монголбанк хамтын шийдвэр гаргадаг болох, Монгол Улс эдийн засгийн бүтцээ олон чиглэлтэй байдлаар өөрчилмөөр байна. Монголын эдийн засгийн төрөлхийн эмзэг байдал нь төсвийн, мөнгө, ханшийн эмзэг байдлыг бий болгож, аль ч салбарт хүндрэл үүсгэж байна” хэмээн ярив.
Оролцогчид мөнгөний бодлого, эрэлт, нийлүүлэлт, Монгол банкны бүтэц, хөрөнгийн бирж, Монгол банкны үйл ажиллагааны хэт хол салангид байдал, банкнуудыг олон нийтийн хувьцаат компани болгох боломж, мөнгөний бодлого, төсөв хоёрын уялдаа зэрэгтэй холбогдуулан олон асуулт тавьж, илтгэгчдийн байр суурийг сонслоо.
Хуралдааныг хааж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэлэхдээ “Монголбанкны бүтцээс өгсүүлээд олон асуудлыг хөндөн ярьж байгаа нь энэ хэлэлцүүлгийн үр дүн гэж ойлгож байна. Банкны цөөхөн хадгаламж эзэмшигч хадгаламжийн мөнгөний 95 хувийг гартаа барьж байгаа, хэдхэн том компани эдийн засгийг хөдөлгөж буй гэдгийг бид мэдэж байгаа. Гэхдээ Монголбанк эрэлт талаа зохицуулаад явна, нийлүүлэлт дээр хөдөлж чадахгүй байна гэж хэлэхийг та бүхэн сонссон. Бид мэдсээр байж юу ч хийхгүй байна. 2013 оны төсвийг хар. Тэнд улс орны эдийн засгийн амин чухал асуудлууд тусаагүй байна. Тухайлбал эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэрийн асуудал тусгагдаагүй. Гэтэл одоо цахилгааны хязгаарлалт хийгээд эхэлчихсэн байгаа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудлыг хар. Эрэлт, нийлүүлэлт авцалдахгүй байна” хэмээгээд цаг зав гарган хэлэлцүүлэгт оролцож саналаа илэрхийлсэн бүх хүнд баярлалаа гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн зөвлөлийн Төсвийн бодлогын дэд зөвлөл үдээс хойш “Иргэний танхим”-д хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн даргалж, Сангийн дэд сайд С.Пүрэв “УИХ-д өргөн барьсан Монгол Улсын төсвийн 2013 оны төсөл, 2014-2016 оны чиг хандлага”, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Х.Ганцог “Тендерийн баталгааны тухай”, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Эрдэнэбат “Монгол Улсын нэгдсэн түрүүлэгч индикатор” гэсэн илтгэлүүдийг тавьж, оролцогчид 2013 оны төсвийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьж саналаа хэллээ.
Санал хэлж, асуулт тавьсан хүмүүс Сангийн яамны боловсруулсан төсвийн төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байв. Ялангуяа татвараар бүрдүүлэх орлогыг үндэслэл муутай төсөөлсөн байна гэв.
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хуралдааныг хааж хэлэхдээ “Бид УИХ-аар төсвийн төсөл хэлэлцэж байгаа үед энэ хэлэлцүүлгийг хийж байгаа нь ач холбогдолтой гэж бодож байна. Гэхдээ анхаармаар хэд хэдэн асуудал байна. Сая Сангийн дэд сайд хэлэхдээ Эдийн засгийн яамаар дамжин зарим хөрөнгө оруулалт хийгдэнэ гэлээ. Ер нь УИХ дээр төсөв, хөрөнгө оруулалтыг хэлэлцэхдээ төр, хувийн хэвшлийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтынхаа хэмжээг объект нэг бүрээр нь, мөн Хөгжлийн банкаар дамжиж хэрэгжих төсөл арга хэмжээгээ объект тус бүрээр нь ярьж, 76 гишүүнийхээ шүүлтээр оруулж, хөрөнгө оруулалтынхаа нэгдсэн бодлоготой уялдуулах зайлшгүй шаардлага гарч байна. Ингэхгүй бол авлигал, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг гээд олон зүйлийн үүд хаалгыг нээж байна. Нөгөөтэйгүүр төсөв, татвар дээр шинэ бодлого, зарчим үйлчлэх ёстой гэж бодож байгаа. Монгол Улсын нийт бүтээгдэхүүн, орлогын 93 хувь нь манай аж ахуйн нэгжийн зургаахан хувьд ногдож байна. Бүтээгдэхүүн, орлогын үлдсэн долоохон хувь нь 94 хувийг бүрдүүлж буй олон аж ахуйн нэгжид хамаарч байна. Үүнийг зохицуулах хамгийн оновчтой зүйл бол татвар. Гэтэл татварын ямар ч шинэчлэл хийхгүй байна. Хөрөнгөлөг хүмүүс эрх мэдлийг авахаараа асуудлыг яаж орхигдуулж хийдүүлдэг нь эндээс харагдаж байна. Орлогын албан татвар 3 тэрбумаас дээш орлоготой бол 25 хувь, доош бол 10 хувь гэж байгаа. Уул уурхайн баялгаа амжилттай ашиглаж буй Норвеги мэт орнуудад нийт салбарын хувьд 10, 20 хувийн орлогын албан татвар ногдуулахын зэрэгцээ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бол 50, 20 хувиар нэмж авч байна. Манай улс яагаад ингэж болохгүй гэж. Яахаараа уул уурхайн баялгийг маань зөөгөөд гарч байгаа компаниуд бусадтай адил татвар төлөх ёстой юм бэ? Гэсэн атал манай экспортын 90 хувийг уул уурхай эзэлж байна. Хамаг алт, зэс, нүүрсийг зөөгөөд гарч буй эдгээр компани НӨАТ-аас бүгд чөлөөлөгддөг.
Энэ агуулгаараа Оюу толгой компани төсвөөс НӨАТ-ын буцаан олголт нэрээр санхүүжилт авч байна. Монгол Улс НӨАТ-ын буцаан олголтоор уул уурхайн компаниудад сүүлийн хоёр жилд 300 тэрбум төгрөг өгсөн гэсэн баримт байна. Манай улсын аж ахуйн нэгжийн 94 хувь нь 100 сая төгрөгөөс доош орлоготой бөгөөд нийт ажиллагсдын 80 хувь нь энд байна. Эднийг буюу жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого үгүйлэгдсээр байна. Энэ яагаад шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт татварын бодлогын нэг гол хэсэг болоод орж болдоггүй юм вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн тавдугаар сард энэ чиглэлээр Татварын хуулийн төсөл боловсруулаад Засгийн газарт оруулсан. Одоо хүртэл хуучин нь ч, шинэ нь ч хариу өгөөгүй л байна. Ерөнхийлөгч 250 сая хүртэлх борлуулалтын орлоготой жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас, арав хүртэлх ажиллагсадтай аж ахуйн нэгжийг орлогын татвараас нь чөлөөлье, уул уурхайд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс орлогын албан татвар 20 хувиар нэмж авъя гэсэн саналууд тусгасан. Зөвхөн тэр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээс орлогын албан татвар 20 хувиар нэмж авахад нэг их наяд төгрөг орж ирэхээр байгаа юм. Бас үр дүн, үр ашгийг төсөв дээр яримаар байна. Хөтөлбөрт суурилсан, үр дүнд тулгуурласан төсвийн санхүүжилтэд шилжмээр байна. Энэ хэлбэр орон нутагт үр дүнгээ өгөөд л байна шүү дээ. Эрүүл мэндийн салбар гэхэд улсын төсвийн санхүүжилтийн хэмжээний мөнгийг иргэд гаргаад гадагшаа эмчилгээнд явж байна. Гэтэл бид зүгээр л суугаад байна. Үр дүнд тулгуурласан механизм руу ормоор байна шүү дээ. Сангийн яам эдгээр асуудлаар санаачилга гаргахгүй, жил бүр төсөв гэхээр ижилхэн юм яриад явдгаа болих хэрэгтэй” хэмээв.
Салбар хуралдаан маргааш үргэлжилнэ.