Португали хэмнэлтийн арга хэмжээгээ чангатгалаа

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Португали хэмнэлтийн арга хэмжээгээ чангатгалаа

Хэмнэлтийн арга хэмжээгээ чангатгаж байгаа тухай Португалийн Засгийн газар  зарлав. Ингэснээр олон нийтийн жагсаал, цуглаан болон эдийн засгийн зогсонги байдалд орно гэсэн түгшүүрийг шинжээчид хэлж байна.

Португали хэмнэлтийн арга хэмжээг чангатгаж, 2013 оны татварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр болж байна. Төлөвлөгдсөн арга хэмжээ нь нэн түрүүнд дунд ангийнханд хүчтэй нөлөөлнө. Тухайлбал, жилдээ 41 мянган еврогоос дээш орлоготой хүмүүс ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 45 хувийн татвар төлнө. Өнөөг хүртэл тэр үзүүлэлт нь 35,5 хувь байлаа.

Жилийн 7-20 мянга хүртэл еврогийн орлоготой хүмүүсийн татвар 24,5 – 28,5 хувь хүртэл нэмэгдэх юм байна. Жилийн 153300 орлогтой хүмүүсээс 46,5 хувийн татвар авч байсан төвшинг 80 мянга хүртэл буулгаад татварыг нь 48 хувь болгоно.

Хатуу хэмнэлтийн дэглэмийг санал болгохдоо өөр хувилбар алга гэдгийг Засгийн газар хэлж байна. “Хөдөлгөөн хийх боломж огт алга” гэж Португалийн Сангийн сайд Витор Гашпар мэдэгдлээ. Төсвийн төслийг хүлээн аваагүй нөхцөлд тус орон гадны тусламжид найдаад хэрэггүй болно гэдгийг ч тэр онцлов. Европын холбоо, ОУВС-гаас 78 тэрбум евроны зээл авахад төсвийн зарлагыг эрс бууруулах хатуу нөхцөл Португалид тулгагдаад байгаа.

Сөрөг хүчин социалистууд танхимын төлөвлөгөөг “фискалийн цөмийн бөмбөг” гэж нэрлэсэн байна. Тэдний хэлснээр Засгийн газрын энэ арга хэмжээ нь шинэ ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлт гаргах зэрэгт том саад болох гэнэ. Сангийн сайд Гашпар улс орны эдийн засаг зогсонги байдалд орохыг үгүйсгээгүй ба ирэх жилд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нэг хувиар буурна гэсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж