“Рио Тинто”-гийн мэдэгдэл хийгээд томилгоо

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

“Рио Тинто”-гийн мэдэгдэл хийгээд томилгоо

www.news.mn сайт өнөөдрийн болсон үйл явдлыг тоймлон хүргэж буй.
 
Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтыг өөрчлөх хүсэлтэй гишүүдэд таагүй мэдээлэлтэй байсан бол нийслэлчүүдэд тулгамддаг ногоон байгууламжийг ирэх жил хэрхэн өргөжүүлэх, өнгөрсөн хугацаанд ямар дутагдалтай байснаа хэлэлцлээ. Мөн дунд сургуулийн хүүхдүүд хоолноос хордож “Орчлон” сургууль үйл ажиллагаагаа түр зогсоосон зэрэг үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн  Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх санал гаргасан нь улстөрийн ч, эдийн засгийн хүрээнд ч шуугиан дэгдээгээд байгаа. Гэхдээ энэ санал УИХ-ын олонхийн дэмжлэг аваагүй учир одоо нээлттэй хэлэлцүүлгийн хэмжээнд  хэвээр байгаа гэсэн ойлголт Монголын олон нийтийн дунд бий болоод байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар буюу салбарын яам нь Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанид албан ёсоор хүсэлт гаргасан байна. Энэ талаар “Рои Тинто” компани CEO Кай Престли үүний хариуд “Хөрөнгө оруулалтын гэрээ Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд хоёуланд нь ашигтай. Бид зургаан тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулж, олон мянган ажлын байр бий болгосон. Хуулийн дагуу хүчин төгөлдөр гэрээний ачаар бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх гэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улс цаашид гаднаас хөрөнгө оруулалт хүлээж авах найдвартай орон болох үндсийг тавьсан” гэсэн тайлбар өгсөн байна.

УИХ-ын 27 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх хүсэлтийг гаргаад байгаа ч Оюутогойн хөрөнгө оруулагчид уг гэрээг өөрчлөхгүй гэсэн байр суурийг мэдээлсэн байна. УИХ-ын гишүүд анхны хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд 4,2 тэрбум төгрөг байх ёстогойгоос одоогийн тус компанийн хөрөнгө оруулалтын гэрээгээр 13 орчим тэрбум төгрөг болсон нь ТЭЗҮ-г өөрчлөх шаардлага гарч байна. Тиймээс ТЭЗҮ өөрчлөгдөх хэмжээнд хүрсэн учраас уг гэрээг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Өнөөдрийн бас нэгэн онцлох үйл явдлын нэг нь  “Орчлон” сургууль үйл ажиллагаагаа долоо хоногийн хугацаатай зогсоогоод байна. Тус сургуулийн сурагчид нь үдийн хоолондоо хордож,  ХӨСҮТ-өөс томилогдсон ажлын хэсэг сургуулийн 345 сурагчаас шинжилгээ авснаас  16 хүүхдээс гэдэсний халдварт нян илэрсэн. Хордлого авсан сурагчдаас гурав нь ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нэг нь гэртээ гарчээ.  Олон сурагч өвчилж ирц хангалтгүй байгаа. Тиймээс сурагчдын ирц 70 хувьд хүрэхгүй байгаа тул сурагчид, эцэг эхтэй байгуулсан гэрээний хичээлээ түр завсарлаад байна. 

Улс төрийн хүрээнд өрнөж байгаа бас нэг үйл явц нь Засгийн газраас  харьяа байгууллагуудад ээлжит томилгоо. Үүний нэг нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг томилжээ. Тус банкны ТУЗ нь байнгын зургаа, хараат бус гурван гишүүнтэй байхаар тогтоосон. Тэгвэл Монгол улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн даргаар Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатарыг томилжээ. Харин ТУЗ-ийн гишүүнээр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батзаяа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Болдбаатар, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Отгончулуу, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнх нарыг сонгожээ. Тус банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Найдалааг сонгосон бол Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн, МҮХҮТ-ын Нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй нарыг тус үүрэгт ажилд дахин томилжээ. Хөгжлийн ачааны хүндийг үүрэх тус банкны Тэргүүн дэд захиралын суудал одоог хүртэл эзгүй хэвээр байна. Уг нь Тэргүүн дэд захирлаар Монгол улсын Засгийн газраас өөрийн хүнээ томилох бүрэн эрхтэй билээ.

Хүйтний улирал хаяанд ирсэн ч нийслэлд зам засварын ажил өрнөж буй. Зүүн дөрвөн замаас зүүн тийш Офицеруудын ордон хүртэлх замд бараг анх удаа шахуу их засвар хийж байгаа. Энэ чиглэлийн зам засах ажил хоёр жил үргэлжлэх бөгөөд энэ нь Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон, Офицеруудын ордноос Чулуун-Овоо гэсэн хоёр хэсэгчлэн засвар хийнэ.  Энэ сарын 21-ээс эхлэн хаалттай байсан Жуковын замыг өнөөдөр өглөө нээлээ.

Зүлэг ногоог тойрч гардаггүй, гишгэж гардаг нийслэлчүүдээс болж зүлэг ургахгүй байгаа гэнэ. Өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга цэцэрлэгжүүлэлт, ногоон байгуулалтыг сэргээх сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийж, ногоон байгууламжийн мэргэжлийн компаниуд болон энгийн иргэдийн санал шүүмжлэлийг сонссон юм. Ногоон байгууламж бидний амьсгалах агаарыг тоос шорооноос хамгаалдаг гэдгийг өөртөө тусгаж авч боддоггүй нийслэлийн оршин суугчдаас болж бид шороотой, шарилжтай хотод амьдарч байна гэж хэлэлцүүлэгт ирсэн хүмүүс онцолж байлаа.

Сар хүрэхгүй хугацааны дараа бид Орон нутгийн төлөөллөө сонгоно. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийг энэ сарын 9-нд бүртгэж дууссан. Нэр дэвшигчдийг тойргийн хороо нэр дэвших эсэхийг нь шийдвэрлэж, олон нийтэд зарладаг.  Харин өнөөдөр МАН-аас Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн тоог зарласан. Тус намаас Орон нутгийн сонгуульд 8000 гишүүн нэр дэвшихээр болжээ. Үүнээс 1386 нэр дэвшигч аймаг, дүүргийн хуралд, 7000 гаруй нэр дэвшигч сумын хуралд нэр дэвшиж байна.  Аймаг, дүүрэгт нэр дэвшигчдийн 32 хувь нь эмэгтэйчүүд байгааг онцоллоо.

УИХ-ын чуулганаар 2013 оны төсвийг хэлэлцэж буй. Төсвийн төсөл дөрвөн хэлэлцүүлэг дамжсаны дараа батлагдах ёстой. Үүний дагуу 2013 оны Төсвийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлж, холбогдох байнгын хороод нь хэлэлцэж буй. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцлээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын танилцуулснаар тус яамны 2013 оны урсгал зардлыг 312,9 тэрбум, хөрөнгө оруулалтыг 121,9 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ. Улаанбуудайн үйлдвэрлэлийн тонн тутамд өмнө нь 50 мянган төгрөгийн урамшуулал үзүүлж байсан бол түүнийг 100 мянган төгрөг болгон өсгөөд байгаа юм. Тиймээс энэ оны болон ирэх жилийн буудайн урамшуулалд нийт 30 тэрбум төгрөг дутуу байгааг төсөвт нэмж суулгахыг сайд Х.Баттулга хүссэн байна.
 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж