![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/ab14059b9f1e9552/8b237b80f256990big.gif)
Өнөөдрийн байдлаар дүүргийн шүүхүүд социализмын үеийн ясли, цэцэрлэгийн байранд байрладаг. Иргэдэд орон зай байхгүй тул шүүхэд дуудагдаж ирээд өвлийн хүйтэнд гадаа чулуу нясалж суудаг. Нийслэлд шүүх хурлын 16 заалтай. Тэнд жилдээ иргэний 20 мянга, эрүүгийн 13500 орчим хэргийг шийдэж 400 мянга гаруй иргэнд үйлчилдэг юм байна.
Энэ үеэр сайд Ц.Нямдорж шүүхийн шинэ барилгуудын зураг төслийг нэхлээ. “Намайг сайд байхад Монгол Улсыг шоронжууллаа гэж АН-ынхан хэлдэг байсан. Гэтэл тэд одоо Налайхад 3000 хоригдлыг байрлуулах гэж байна. Монгол Улс 327 сумтай, сумдад цагдаагийн кабон хэрэгтэй. Цагдаа нар айлд сууж айлын авгайн гар харж амьдармааргүй байна. Гэтэл төсөвт 25-хан кабоны асуудал оруулж ирээд бусдыг хаячихсан. 59 тэрбум төгрөгөөр юу хийх гээд байгаа юм бэ. Таван тэрбум төгрөгөөр Ганц худагийг шинээр бариулсан. Тэгэхэд таван тэрбумаар прокурорын байр барина гэж юу байдаг юм. Зургаа аваад ир. Засгийн газар зураг төсөлгүй төсөв оруулж ирж байхад Монгол яаж амьдрах вэ ” гэж байлаа.
Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Өмнөх УИХ-аар батлуулсан шүүхийн хуулиудыг хэрэгжүүлэхэд 59 тэрбум төгрөг хэрэгтэй. Монголд төвлөрсөн хорих 23 байна. Тус бүртээ 100-500 хоригдолтой. Хүн хүч, хамгаалалт хяналт гээд жилд 24 тэрбум төгрөг үрдэг. Хорихын төвлөрсөн байр байгуулбал есөн хорихыг татан буулгах боломжтой. Мөнгөнморьтын хориход тоосгоны үйлдвэр байгуулсан. Тэндээс яаж Улаанбаатар руу тоосго татах вэ. Харин Налайхад байвал илүү үр ашигтай. Найман хориход зарах мөнгийг цуглуулж Налайхын хориход төвлөрүүлэх гэж байна. Дотроо үйлдвэртэй байх юм. Нэг хянагчид 20 хоригдол ногдох ёстой. Гэтэл 80 ногддог. Азаар цөөн хоригдол алддаг. Төвлөрсөн хорих байгуулбал цахим, камерын хяналт тавьж болно” гэлээ.
Улаанбаатарын 1,5 сая иргэнээс шүүхээр үйлчлүүлдэг нь 400 мянга гаруй, харин цагдаагаар бүгдээрээ үйлчлүүлдэг аж. Нийслэлд хоёр дүүрэг дээр шүүх, прокурорыг төвлөрүүлэхээр болж байна. Баянзүрх дүүрэгт хоёр газар эрүү, иргэний хоёр шүүх барина. Харин Сонгинохайрхан дүүрэгт нэг том газар өгнө гэжээ.
Д.Лүндээжанцан гишүүн Шүүхийн шинэчилсэн хуулийг 500 сая төгрөгөөр сурталчилж, цагдааг 348, дотоодын цэргийг 369 хүнээр нэмнэ гэсэн захиргааны зардлыг нэмсэн төсөв болсон байна гэж шүүмжиллээ. Харин Х.Тэмүүжин сайд Ц.Нямдорж сайдын үед “боож” өгсөн урсгал зардал дээр нэг ч төгрөг, нэг ч орон тоо нэмээгүй. Харин ч Сангийн яам хасч танасан тийм төсөв гэдгийг сануулсан юм.