Ирэх оны гуравдугаар сар хүртэл
Үүрэн телефоны компаниуд, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нэгдсэн нэг шийдэлд хүрлээ. Ирэх оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн та секундээр төлбөрөө төлдөг болно. “Гэхдээ үүнд нэг зүйл бий. Үйлчилгээ хэлбэрээр энэ аргачлалыг нэвтрүүлж байгаа болохоор тухайн хүн хүсвэл энэ системд шилжиж болно. Хүсэхгүй хүмүүс нь одоонгийнхоо тарифаар төлбөрөө хийгээд явж болно гэж ойлгох хэрэгтэй” гэж МШХХГ дарга Ц.Жадамба ярьсан юм.
Чухам яагаад ирэх оныг хүлээх хэрэгтэй болсон нь техник, технологитой холбоотой. Энэ аргачлалд шилжихэд техник технологийн шинэчлэл шаарддаг учир бэлтгэл ажлаа хангах, нийт хэрэглэгчдийг бүртгэх зэргээс хамаараад ирэх оныг хүлээх хэрэгтэй болжээ. “Уг нь өмнөх дарга нар үүнийг эртхэн шийдсэн бол бид ирэх оныг хүлээхгүй байсан. Гэхдээ бид үүрэн телефоны компаниудад баярлалаа гэж хэлэх ёстой. Өөрсдийн эрсдэлээ тооцоолохоос гадна, хэрэглэгчдийн эрх ашгийг бодож байгаад баяртай байна” гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай ярилаа.
Энэ аргачлалыг дэлхийд цөөхөн оронд хэрэглэдэг аж. Азидаа туршлага болохоор улс бол Япон юм. Тэд энэ аргачлалыг 2003 оноос хэрэглэж байгаа бөгөөд тухайн үедээ дэлхийд жишиг болж байсан удаатай. Харин хөгжиж байгаа манайх шиг улс энэ аргачлалыг нэвтрүүлнэ гэдэг нь асар их хөрөнгө мөнгө шаардсан ажил болох магадлалтай. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар хариуцсан агентлагаас нь тодорхой хэмжээний мөнгө гаргахаар төлөвлөөд байгаа юм.
Дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаа мөнгийг бууруулна
Дараа төлбөрт хэрэглэгчдэд дуулгах баяртай мэдээ байна. Барьцаа мөнгө болоод ярианы тарифаас тодорхой хэмжээний хувийг бууруулахаар болжээ. Барьцаа мөнгөний тодорхой хувийг яриа болон төлбөрт нь шингээдэг зарчим руу ч шилжихээр ярилцаж байгаа гэх. “Барьцаа төлбөрийг Мобиком компанийн зүгээс бууруулах бүрэн боломжтой гэж хэлэхэд таатай байна. Бид эхний ээлжинд тухайн хэрэглэгчийн төлбөрийн түүхийг судлах болно. Хугацаандаа төлбөрөө төлдөг, итгэлтэй гэж үзсэн хэрэглэгчдэдээ барьцааны төлбөрийг бүрэн болон хэсэгчилсэн хэлбэрээр чөлөөлнө. Үүний тулд тухайн хүн цахим үнэмлэхтэй байх шаардлагатай” гэж “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Р.Арвинцогт ярьсан юм. Мөн “Мобиком” компани 2200 дугаарын утсаар секундээр тооцох үйлчилгээ болоод барьцаа төлбөрийн хөнгөлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөөр болжээ.
Бусад компанийн тухайд ямаршуухан арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Ямар ч байсан судалгааны үндсэн дээр, ярилцаж байгаад секундээр тооцох үйлчилгээг гаргах уу, эсвэл тодорхой хэмжээний багц үйлчилгээ болгох уу гэдгээ шийдэх аж.
Интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниудыг шалгана
Хүн бүхэн интернет хэрэглэдэг болсон энэ цагт таны сонгосон интернетийн хурд гэрээнд заасан хурдтайгаа тэнцэж байна уу гэдэг нь эргэлзээтэй асуудлын нэг билээ. Зарим компаниуд төлбөрөө төлчихөөд байхад хэд, хэдэн хоногоор тасалдаж, хүссэн хурдаа үзүүлдэггүй гэдгийг баталдаг. Харин үүнийг удахгүй шийдвэрлэж болохыг албаны хүмүүс баталж байна. “Манайд энэ төрлийн санал, гомдол ихээр ирдэг. Ямар ч байсан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад санал хүргүүлээд байгаа. Удахгүй энэ талаар хэлэлцээрийн ширээний ард суух байх. Манайхаас ч гэсэн байцаагч нар гарчихсан ажиллаж байгаа” гэж О.Магнай ярьсан юм. Оноос өмнө хэлэлцээрийн ширээний ард суух төлөвлөгөөтэй байгаа ч чухам хэзээ ажил хэрэг болох нь одоогоор тодорхойгүй байна.