Регги хөгжмийг үндэслэгч Питер Тошийг нэхэн шагнав

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Регги хөгжмийг үндэслэгч Питер Тошийг нэхэн шагнав

Регги урсгалыг үндэслэгчдийн нэг, Ямайкийн регги дуучин, дууны үг зохиогч Питер Тош хорвоог орхиод 25 жил болсны дараа тус улсын Засгийн газраас регги хөгжмийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн нэхэн шагнажээ. Түүнийг "Order of Merit" гэх улсынхаа гутгаар зэргийн алдар, гавьяаны шагналаар нэхэн шагнасан байна. Энэ эрхэм шагналыг түүний охин Ниамбе аавынхаа өмнөөс гардан авчээ.

Питер Тош 1963 онд дуучин Боб Марли, Банни Вайлер Ливингстон нарын хамтаар “Wailers” хэмээх регги хамтлагийг үүсгэн байгуулж, 1974 он хүртэл уран бүтээлээ туурвисан аж. Тош ганцаарчилсан "Equal Rights" цомог болон хамтлагийнхаа олон сайн уран бүтээлээрээ Ямайкаас гаралтай регги хөгжмийг дэлхийд таниулахад асар их хувь нэмэр оруулсан байна. Тэрээр 1987 онд 42 насандаа Ямайк дахь гэртээ дээрэмчдийн гарт өртөж, харамсалтайгаар амиа алджээ. Питер Тош хэдий богино ч үнэ цэнэтэй амьдралынхаа хугацаанд зөвхөн хөгжмийн урлагт хүчин зүтгээд зогсохгүй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тууштай тэмцэж, Засгийн газрын авлигал, хээл хахууль, ялзрал доройтлыг хурцаар шүүмжилдэг нэгэн байжээ. Түүнчлэн тэрбээр хар тамхийг хуулиар зөвшөөрүүлэхийг дэмждэг байсан байна. Тиймээс түүнийг тухайн үеийн эрх мэдэлтнүүд “эсэргүү” гэж нэрлэдэг байжээ. Гэвч Питер Тош гитар тоглох гайхалтай чадвар болон баргил дуу хоолойгоороо шүтэн бишрэгчдийнхээ  хайр, хүндэтгэлийг хүлээсэн алдарт дуучин байсан юм.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж