аймгийн цагдаагийн байгууллага МАН-аас УИХ-д нэр дэвшин өрсөлдсөн
С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм
байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр тэднийг сонгогчдод мөнгө, эд бараа
тараасан гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэгч тал хандсаны дагуу ийнхүү
мөрдөн байцаалт явуулж байгаа аж.
2012 оны УИХ-ын сонгуулийн
Өвөрхангай дахь 10 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөгчдийн маргааныг
иргэний харьяаллын дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх шийдвэрлэсэн
байдаг. Тодруулбал, нэр дэвшигч Д.Зоригт болон аравдугаар тойрогт АН-аас
нэр дэвшигчдийн менежер Ц.Доржпалам нар МАН-аас нэр дэвшигчид
Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг тогтоолгохоор оршин суугаа дүүргийнхээ
шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг шүүх онцгой ажиллагааны журмаар
шийдвэрлэсэн ч хариуцагч тал буюу С.Чинзориг, Н.Төмөрхүү нар эсэргүүцэж,
Нийслэлийн шүүхэд давж заалдсан билээ. Нийслэлийн шүүх эл маргааныг
хэлэлцээд “энэ нь шүүхийн харьяаллын бус” гэж үзэн ХУД-ийн шийдвэрийг
хэрэгсэхгүй болгож, сонгуулийн маргааныг эхлээд Өвөрхангай аймгийн
цагдаа, шүүхийн байгууллага шалган тогтоох ёстой гэж шийдвэрлэсэн.
Ийм
учраас нэхэмжлэгч Д.Зоригт, Ц.Доржпалам нар Өвөрхангай аймгийн
цагдаагийн байгууллагад Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгогчдод мөнгө, эд
бараа тараасан гэдгийг тогтоолгохоор хандсан байна. Өвөрхангай аймгийн
цагдаагийн байгууллага одоо С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн
хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Нэхэмжлэгч
талын С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг буруутгаж байгаа бас нэг шалтгаан
бий. Энэ нь сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ашигласан
зөрчил.
Сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхэд татан
оролцуулсан асуудал нь харин эрүүгийн хэрэг биш, сонгуулийн хуулиар
зохицуулагдах иргэний шинжтэй маргаан учир Д.Зоригт, Ц.Доржпалам нар нь
тойргийн хороог хариуцагчаар татаж, иргэний нэхэмжлэл гарган Өвөрхангай
аймгийн сум дундын шүүхэд хандсан нь өнгөрсөн пүрэв гаригт
шийдвэрлэгдсэн байна. Тодотговол, Өвөрхангай аймагт 2012 оны
сонгуулийн 10 дугаар тойрогт сонгуулийг зохион явуулсан тойргийн хорооны
гишүүд өнгөрсөн долоо хоногт хуралдаж, сонгуулийн явцад МАН-ын нэр
дэвшигчид насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгуульд татан оролцуулж хууль
зөрчсөн гэдгийг тогтоосон боловч нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас
хасаж хариуцлага хүлээлгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Үүнийг нь
Өвөрхангай аймгийн сум дуундын шүүх захирамж гарган баталгаажуулсан
байна.
Тиймээс одоо Сонгуулийн ерөнхий хороо нь доод шатны
байгууллага болох Өвөрхангай аймгийн сонгуулийн 10 дугаар тойргийн
хорооны сонгуулийн санал хураалтын дараа гаргасан хууль бус шийдвэрийг
хүчингүй болгох хуулийн үндэслэл бүрдээд байгаа юм.