Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлийн удирдлага
аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр
дэвшүүлэхтэй холбоотой асуудлаар аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод
болон зарим нэр дэвшигчдээс ирүүлсэн хүсэлтийн талаар санал солилцож,
улмаар зөвлөмж гаргалаа. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд
нэр дэвших бол Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь
хэсэгт заасны дагуу 2012 оны 01-р сарын 01-нээс өмнө төрийн албанаас
чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байх бөгөөд сонгуулийн хороодод нэр
дэвшигчийн баримт бичгээ хүргүүлэхдээ төрийн албанаас чөлөөлөгдсөн тухай
шийдвэрээ хүргүүлнэ. Энэхүү шийдвэр нь тухайн дурдсан хугацаанаас хойш
гарсан байж болохыг зөвлөмжид дурьдсан байна.
Мөн Төрийн жинхэнэ
албан хаагч нь Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
сонгуулиас өмнө төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдсөн, халагдсан,
тэтгэвэртээ гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар
зүйлийн 23.2 дахь хэсэг хамаарахгүй тул 2012 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс өмнө чөлөөлөгдсөн байх шаардлага тавигдахгүй болно гэдгийг
анхааруулжээ. Түүнээс гадна төрийн үйлчилгээний удирдах албан
тушаалтнаас бусад төрийн үйлчилгээний албан хаагч нь сонгуульд нэр
дэвшихэд ажлаасаа чөлөөлөгдөх талаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заагаагүй тул эдгээр албан
хаагчид сонгуульд нэр дэвших боломжтой гэсэн байна.
Аймаг, сум,
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25
дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт дурдсан удирдах албан тушаалтан гэдгийг
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны “Төрийн захиргааны болон төрийн
үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох
тухай” 354-р тогтоолд дурдсанаар ойлгож хэрэгжүүлэхийг зөвлөжээ.
Монгол
Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо зөвлөмжид дурдсан дээрх асуудлыг нэр
дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах, бүртгэх эсэх
тухай шийдвэр гаргахдаа анхааран ажиллахыг Аймаг, сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хороодод зөвлөв гэж СЕХ-ны
хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.