сарын дараа бид орон нутгийн төлөөллөө сонгоно. Өөрөөр хэлбэл, манай,
танай сум, аймаг, дүүргийг ирэх дөрвөн жил хэн удирдан чиглүүлэх вэ
гэдэг нь тодорхой болох юм. Энэ удаагийн УИХ Орон нутгийн сонгуулийг
автоматжуулсан системээрээ явуулах уу, гараараа тоолох уу гэж баахан
маргаан дэгдэж байгаад автомат дээрээ тогтож, өнөөдөр ч сонгуулийн ирц
бүрдэх эсэх гээд хэл ам дэгдсэн хэвээрээ л байна.
Энэ жилийн орон
нутгийн сонгууль НИТХ-ын төлөөлөгчдөө УИХ-ын сонгуультай хамт
сонгочихсон, автоматжуулсан технологи ашиглан саналыг тоолно, сумын
иргэдийн төлөөллийг УИХ сонгуулийг адил холимог системээр сонгоно гээд
олон онцлог. Тиймдээ ч орон нутгийн сонгууль олон маргаан дэгдээж, олон ч
асуудал үүсгэсэн.
Харин одоо бол асуудал нэгэнт шийдэгдэж,
намууд ч нэр дэвшигчдээ тодруулж дуусах шахаад байна. Сонгуульд өрсөлдөх
нам, эвслүүд нэр дэвшигчдээ бүртгүүлснээс хойш тойргийн хороо нэр
дэвших журмын дагуу нэр дэвшигчээр бүртгэснээр албан ёсоор сонгуулийн
сурталчилгаа эхлэх учиртай. Санал авах өдрөөс 15 хоногийн өмнө албан
ёсны сурталчилгаа эхэлнэ. Ингэхдээ нэр дэвшигч сонгуульд хэдэн төгрөг
зарцуулахаа тайлагнаж, иргэдийн саналыг авах зорилгоор бэлэн мөнгө, эд
материал тараахгүй гэсэн УИХ-ын сонгуулийн “хатуу” журмыг хэвээр мөрдөх
ёстой. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид мөнгө, эд материал
тараавал “хатуу сануулга” авна гэдгийг УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Увс,
Өвөрхангайн нэр дэвшигчид харуулсан, хэргийг нь одоо ч шалгаж байгаа.
Нэр дэвшигчид иргэдийн саналыг худалдан авах үйлдэл гаргавал хуулийн
хариуцлага хүлээлгэх заалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр нам,
эвслүүд санал нэгтэй байгаа.
Харин СЕХ нэр дэвшигчид тодорсон
өдрөөс эхлэн саналын хуудас хэвлэх ажилдаа орно. Сар хүрэхгүйн хугацаанд
саналын хуудас хэвлэх, санал авах бэлтгэл ажлаа амжуулах үүрэг СЕХ-ны
шинэ дарга Ч.Содномцэрэнд “оногдож” буй. Одоо СЕХ-нд саналын хуудас
хэвлэж, орон нутагт автомат машинуудын бүрэн эсэхийг шалгах, тойрог,
хэсгийн хороодын санал авах байрыг бэлэн болгох учиртай.
Энэ
удаагийн Орон нутгийн сонгуульд долоон нам, хоёр эвсэл оролцож буй. Үүнд
МАН, Ардчилсан нам, ИЗНН, МУНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МҮАН зэрэг
намууд оролцож байгаа бол МАХН-ИЗНН “Иргэний шударга ёс” эвсэл,
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслүүд Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр
нэрээ бүртгүүлжээ. Зарим тойргуудад МАХН нь ИЗНН-тай, заримд нь МҮАН-тай
эвсч сонгуульд оролцох болсон бас л нэг өмнө гарч байгаагүй содон
үзэгдэл. Гэхдээ үүнийг ямар нэгэн хууль зөрчөөгүй, байж болох хэлбэр гэж
тайлбарлаж байгаа юм байна. МАХН тойрог тойргоосоо дангаараа болон
бусад намын төлөөлөлтэй хамтран орон нутгийн сонгуульд оролцох хамелон
сонголтыг хийж байгаа.
Мөн тойргийн хороодод нам, эвслийн тоо
зөрүүтэй байгааг албаныхан хэлж байгаа. Тухайлбал, нэг дүүрэг хоёр
эвсэл, дөрвөн нам оролцож байгаа бол аймагт нэг эвсэл, зургаан нам
оролцох гэх мэтийн өөр, өөр байгаа аж. Гэхдээ л энэ удаагийн орон
нутгийн сонгууль хамгийн олон нам, эвсэл оролцож буй гэсэн бас нэгэн
рекордыг тогтоогоод байгаа.
Дараагийн бас нэгэн санаа зовоож буй
асуудал бол сонгуулийн ирц бүрдэх үү гэх эргэлзээ. Уг нь өмнө нь
ихэвчлэн аравдугаар сард орон нутгийн сонгуулиа явуулчихдаг бол энэ удаа
цахим үнэмлэх, хуулийн шинэчлэлт гэсээр байгаад арваннэгдүгээр сарын
21-нд санал хураахаар болгосон. Зарим нэг улстөрчид малчид өвөлжөөндөө
буусан дүн өвлийн хүйтнээр хэрхэн ирж сонгуульд саналаа өгөх билээ гэж
санаа зовниж ч байгаа. Гэхдээ одоо цаг хугацааны хувьд оройтсон
эсэхийг ярих цаг биш. Нэгэнт батлагдсан энэ хуулиа баримтлаад сонгуулиа
будлиангүй шиг явуулчих л даваа үлдээд байна даа.