Орон нутгийн сонгуульд 2 эвсэл, 5 нам оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуульд 2 эвсэл, 5 нам оролцоно

Сонгуулийн
ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав үүрэг ажлаасаа чөлөөлөгдөж, тус
хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн өнөөдөр тангараг
өргөж, СЕХ-ны даргын үүрэгт ажлаа хүлээн авсан юм. СЕХ-ны шинэ дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-СЕХ-нд одоо Орон нутгийн сонгууль зохион байгуулах ажил бий. Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил хэр байна вэ?

-Сонгуулийн
бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Хуулийн хугацаанд
сонгуулийн хэсэг, хороод байгуулагдсан. УИХ-ын сонгууль 1905 хэсэгтэй
байсан бол Орон нутгийн сонгуулиар 1998 хэсэг байгуулагдсан. Хэсгийн
хороодын тоо нэмэгдсэн нь сонгуулийн хуультай холбоотой юм. Нам эвсэл
нэр дэвшүүлэх ажиллагаагаа хийж байна, эцсийн хугацаа нь маргааш буюу
аравдугаар сарын 9-нд дуусгавар болно. Сонгуулийн ерөнхий хороонд ирсэн
урьдчилсан байдлаар хоёр эвсэл, таван нам Орон нутгийн сонгуульд
оролцохоор  материалаа хүргүүлсэн байна. Тухайлбал, зарим аймаг дээр
дөрвөн нам, нэг эвсэл, Чингэлтэй дүүрэгт зургаан нам эвсэл өрсөлдөхөөр
материалаа өгсөн. Бэлтгэл ажлын хувьд графикийн дагуу үргэлжилж байна.
Энэ удаагийн сонгууль автоматжуулсан системээр явагдана. Нэр дэвшигчид
тодорч байгаа учраас саналын хуудасны загвар файлыг гаргаж байна. Ирэх
долоо хоногоос саналын хуудасны загварыг баталж, хэвлэж эхэлнэ.

-“Шударга ёс” эвсэл зарим тойрогт нам нь хоёр салж орж байгаа. Энэ ер нь боломжтой юм уу, хуулинд юу гэж тусгасан байдаг юм бэ?

-Аймаг,
сум, дүүргийн сонгуулийн тухай хуулинд энэ талаар тодорхой заасан
байгаа. Тодруулбал, намууд дангаараа болон эвсч сонгуульд оролцож болно
гэсэн заалт бий. Одоогоор хоёр эвсэл Орон нутгийн сонгуульд оролцохоор
бүртгүүлсэн байгаа.

-Нэр дэвшигчид хэзээнээс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх вэ?

-Хуулийн
дагуу санал авах өдрөөс 14 хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаагаа
явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн
сурталчилгаагаа эхлүүлнэ гэсэн үг.

-УИХ хэзээ бүрэн бүтэн болж, үлдсэн гишүүдийг хэзээ тангараг өргөх бол?

-Маргаантай тойргуудийн асуудал шүүхийн байгууллагаар явж байгаа. Хуулийн дагуу ажиллана.

-Дахин санал хураалт Орон нутгийн сонгуультай нэг өдөр болох уу?

-Дахин
санал хураалтын хувь Орон нутгийн сонгуульд өөрчлөлт оруулах ажлын
хэсгийнхний дүгнэлтийн дагуу эдийн засаг, ирцийн хувьд дахин санал
хураалтыг Орон нутгийн сонгуультай  хамт явуулах нь зүйтэй гэсэн байсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос ч мөн ийм чиглэл өгсөн. Ер нь аль
талаас нь хараад “Хамт явуулах нь зүйтэй” гэж үзэн, бэлтгэлээ хангаж
байгаа.
 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж