Н.Лувсанжавыг СЕХ-ны даргаас чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Н.Лувсанжавыг СЕХ-ны даргаас чөлөөллөө

УИХ-ын
чуулганы хуралдаанаар СЕХ-ны даргаас Н.Лувсанжавыг хүсэлтээр нь
чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин энэ үеэр
“Н.Лувсанжав өөрөө сайн дураараа ажлаа өгсөн биш, дарамталж байгаад
ажлыг нь авч байна. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн энэ ажлын
голыг хийж байгаа. Энэ бол улстөржсөн томилгоо болох гэж байна. Үндсэн
хуулийн Цэц МАН-ын хариуг хоёр сарын дараа өгөхдөө 70 настай
Д.Дэмбэрэлийн оронд 60 настай Л.Цог анхны хуралдааныг даргасан нь зөв
гэж оруулж ирлээ. Та нар 25 хүнтэй МАН-ыг шахаж байна гэж баярлаж байгаа
байх. Харин тэгвэл та нар өөрсдөө ард түмний сонголтыг шахаж байна шүү”
гэлээ.

Гишүүн Д.Тэрбишдагва “Н.Лувсанжав ядраад ажлаа өгч байгаа
юм байна. Манай эвслийн нэр дэвшигчдийг хасч байсан хүн. Буруу шийдвэр
гаргасан хүн ажлаа өгөх нь зүйтэй. СЕХ-ны ажил маш чухал. Орон нутгийн
сонгууль болох гэж байгаа чухал үеийн өмнөхөн энэ ажилд тавигдах хүн
Орон нутгийн сонгуулийг шударга сайн явуулах ёстой” гэлээ. Санал хураалт
явуулахад хуралдаанд оролцсон 54 гишүүний 61,1 хувийн саналаар
Н.Лувсанжавыг СЕХ-ны даргын ажлаас чөлөөллөө. Одоо Ч.Содномцэрэнг СЕХ-ны
даргаар томилох асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж