Нийслэлд яагаад зүлэг ургадаггүй вэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Нийслэлд яагаад зүлэг ургадаггүй вэ?

Зүлэг ногоог тойрч гардаггүй, гишгэж гардаг нийслэлчүүдээс болж зүлэг ургахгүй байгаа гэнэ. Өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга цэцэрлэгжүүлэлт, ногоон байгуулалтыг сэргээх сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийж, ногоон байгууламжийн мэргэжлийн компаниуд болон энгийн иргэдийн санал шүүмжлэлийг сонссон юм. Ногоон байгууламж бидний амьсгалах агаарыг тоос шорооноос хамгаалдаг гэдгийг өөртөө тусгаж авч боддоггүй нийслэлийн оршин суугчдаас болж бид шороотой, шарилжтай хотод амьдарч байна гэж хэлэлцүүлэгт ирсэн хүмүүс дуу нэгтэй үзэж байлаа.

Тарьсан зүлгийг тойроод гардаг хүн бидний дунд хэд байгаа бол?

Мэргэжлийн цэцэрлэгжүүлэлт ойжилтын холбооныхон Улаанбаатарын ногоон бүсийн тухай олон асуудал дурдсаны дотор иргэд зүлэг ногоогоо хайрлахгүй учраас ургахгүй байна гэв. Улаанбаатар энэ их тоосжилт бидний уушгийг утаанаас дутахгүй хордуулдаг. Тиймээс үлэг ногоог хамгаалах тухай заавал сурталчлан ойлгуулж, компанит ажил өрнүүлж байж хот ногоорно гэж онцлов.

Гэхдээ үүнээс дутахгүй том асуудлаас болж хот ногоон байгууламжгүй хэвээр байна.

Нэгдүгээрт, Нийслэлийн захирагчийн албанд ногоон байгууламж хариуцсан мэргэжлийн алба ч юм уу хэлтэс байхгүй. Тиймээс ногоон байгууламжийг хэзээ ч тогтвортой хугацаагаар төлөвлөдөггүй, ургалтыг нь хянадаггүй бас арчилдаггүй.

Хоёрдугаарт, ногоон байгууламж байгуулах ажлыг дүүргүүдийн захиргаа тохижилтын төсөлд оруулж тендер зарладаг, шалгарсан компаниуд хамгийн бага зардлаар бас буруу технологиор зүлэг тарьдгаас болж манай хотод ногоог зүлэг ургахгүй байна.

Хэлэлцүүлгийн үеэр Мэргэжлийн ойжилт цэцэрлэгжүүлэлтийн холбооны гишүүд нэлээд гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ холбоонд 10 гаруй мэргэжлийн компани байдаг ч ажил олддоггүй, тохижилтийн тендер авсан компаниуд тохижилт хийх ёстой мөнгөний маш өчүүхэн буюу 5 хувь ч хүрэхгүй мөнгөөр зүлэг тариулдаг, эсвэл ихэнхдээ өөрсдөө тарьдаг байна. Мөн арчилгаа усалгааны төсвийг нь олгодоггүй гэж уг холбооны тэргүүн Н.Гомботуяа ярьсан юм.

Мөн нийслэл ногоон байгууламжийн тендер зарлахдаа ихэнхдээ мэргэжлийн бус байгууллагад төсвийн мөнгийг өгдөг, өмнөх ажлын гүйцэтгэлийг харгалздаггүй бас тендер ил тод биш болдогт гомдож, бухимдаж явдгаа илэрхийлсэн.

Харамсалтай нь, бид ногоон байгууламжийг хотын төвийн хөшөө, тоглоомын талбайг тойрсон эсвэл олон нийтийн газрыг тойрсон ногоон зүлэг гэж ойлгож байна. Гэтэл оршин суугчдын 60 хувь нь амьдарч байгаа гэр хорооллын иргэдийн тухай огт бодолцож байгаагүй гэж хэлэлцүүлгийн үеэр дурдсан юм. НИТХ-ын дарга Д.Баттулга тэдний саналыг хүлээж авч, шийдвэртээ тусгана гэж амлалаа.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж