Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Таван настай You Tube

“Pay Pal” онлайн төлбөрийн компанид ажиллаж байсан гурван залуу 2005 оны хоёрдугаар сард “You Tube” хэмээх видео шейр /бусадтай хуваалцдаг/ вэб сайт хийсэн. Харин 2006 оны 11 сард “Google Inc” компани “You Tube LLC” компанийг 1.65 тэрбум ам.доллараар худалдаж авсан. “You Tube LLC” компани одоо АНУ-ын Калифорни мужийн San Bruno хотод байрлаж байгаа бөгөөд “Adobe Flash Video” технологи ашиглан видеогоо хэрэглэгчидэд хүргэж байна. “You Tube”-д тавигддаг ихэнх видеог хэрэглэгч хувь хүмүүс оруулдаг ч “CBS”, “BBC, “UMG” зэрэг мэдээллийн том компаниуд мөн ашигладаг. Хэдийгээр 2005 оны хоёрдугаар сард анх үүсгэн байгуулагдаж мэдээлэл контент орж эхэлсэн ч хамрах хүрээ багатай байсан бөгөөд 2005 оны тавдугаар сарын 16-наас бета хувилбараараа бүх нийтэд хүртээлтэй болсон байна. 2010 оны тавдугаар сарын байдлаар “You Tube” сайтаас хэрэглэгчид өдөрт хоёр тэрбум видео үзэж байна гэсэн мэдээлэл “Google Inc” компани хийгээд байна.

“You Tube”-ээр дамжин маш олон энгийн хүмүүс дэлхий дахины үзэгчдэд хүрч, олны танил болж, энгийн хүмүүс хийсэн видеогоороо дамжуулан “од” болдог. Түүнчлэн хөгжилтэй, бүтэлгүй, эвгүй агшнууд хүртэл тус сайтаар дамжин дэлхий дахинд хүрч өөр төрлийн рекорд тогтоодог. Хувь хүмүүс тус сайттай хамтарч, өөрсдийн “You Tube” шоуг зохион байгуулдаг. Тухайлбал “Чарли миний гарыг хазчихлаа” /Charlie bit my finger – 189 сая хүн үзсэн/, “Девид шүдний эмчид үзүүлээд” /David after dentist – 59 сая хүн үзсэн/, “Канон Д- цахилгаан гитар дээр” /guitar -90 сая хүн үзсэн /, “ЖК-ын хуримын гараа” /JK wedding entrance – 50 сая хүн үзсэн/ зэрэг видеонууд болон Boxxy, NigaHiga, Juicystar07 нарыг дурдаж болно. “You Tube”-ээс төрсөн “Billboard”-ын од гэвэл “My World 2.0” цомгоо гаргаад байгаа канадын дуучин хүү Justin Bieber-ыг дурдаж болно.

БНХАУ, Морокко, Иран, Пакистан, Ливи зэрэг улсууд өнөөдөр “You Tube”-ыг иргэддээ үзүүлэхийг хориглож хаалт тависан байна. “You Tube”-ын видеог олон янзын чанар үзүүлэлттэйгээр үзэж болох бөгөөд хамгийн сүүлд 2009 оны 11 сараас 1080p HD форматаар үзэх боломжтой болсон. Мөн 22 хэлээр тус сувгийг үзэж болно. “You Tube LLC” компани гэрээтэй түншүүдээс болон сурталчилгааны орлогоос санхүүждэг.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж