Увсын иргэд эхний ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Увсын иргэд эхний ялалтаа авлаа

Амташсан
хэрээ арван гу­рав дахина гэгчээр мөнгө тараа­гаад сонгогдоод сурчихсан
хү­мүүст түүнээсээ салж чад­даг­гүй юмсанж. 2008 оны сон­гуулиар “Сүү
авч уугаарай” гээд арван мянгатын дэвсгэрт нут­гийнхандаа тараасан
Чойжоо­гийн бичлэг өнөө хэр нь www.youtube.com дээр хадгалагджээ.
Гадаадын сайт учраас мөнгө өгөөд авахуулчихаж болохгүй болохоор түүхэнд
баримт болон үлджээ. Хэрэг хуучирдаггүй ч хэрэгтнүүд өнгөрсөн сонгуулиар
давтан үйлдэл хийснийг Увс аймгийн Тариалан сумын нэр бүхий 13 иргэн,
Улаангомын иргэн Цэгээгийн хамт  илчилж, өгсөн мөнгийг нь арав дахин
өсгүүлж авах хуулийн заалтыг баримтлан тойргийн хороонд нь гардуулчихсан
талаар хэвлэл мэдээллээр хангалттай гарсан. Гэвч олонх нь МАН-ын
гишүүдээс бүрдсэн тойргийн хорооныхон цээжээрээ хамгаалж, 6х5-ын
харьцаатайгаар мөнгө тараасан нь хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Хамгийн инээдтэй нь 100 метрийн радиустай шахам газарт айлсан буусан 13
айлд мөнгө тараасан үйлдлээ “Сонгуулийн штаб байгуулах зорилгоор гэрийг
нь түрээсэлсэн” гэж МАН-ын нөхдүүд тайлбарлаж. 13 айлаас өөр хүнгүй
хөдөө хээр тийм их сонгуулийн штаб байгуулна гэж шүү. Иргэд өөрсдөд нь
“Хүрэлбаатар, Чойжилсүрэн нарыг дэмжиж саналаа өгөөрэй гэж өгсөн” хэмээн
гэрчилсээр байтал хууль бус шийдвэр гаргасан тойргийнхоо хороог аймгийн
Захиргааны хэргийн шүүхэд өгч. Харин тус шүүх манай харъяаллын хэрэг
биш гээд нэхэмжлэлийг нь буцаажээ. Харин иргэд Захиргааны хэргийн давж
заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Захиргааны хэргийн давж
заалдах шатны шүүх өчигдөр гомдлыг нь авч хэлэлцэж. Товчхон­доо гомдлыг
авч хэлэлцсэн Ц.Цогт тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн хурал­даж уг хэрэг нь
Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын хэрэг мөн гэсэн тогтоолыг
гаргалаа. Тиймээс уг хэргийг Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх
хэлэлцэхээр болж байна. Саналыг нь худалдаж авахыг завдсан этгээдүүдийн
эсрэг тэмцсэн малчид ийнхүү эхний ялалтаа байгуулжээ. Хэрэв Увс аймгийн
захиргааны хэргийн шүүх тойргийн хорооны шийдвэрийг хууль зөрчсөн гэж
үзвэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар 
нарыг шууд УИХ-ын гишүүнээс хасна. Ингэснээр 28 хувиас дээш санал авсан
нэр дэвшигчид УИХ-д орж ирнэ. 

Үүнээс гадна дээрх эрхмүүдийг мөнгө тараасан гэх өөр хэргүүдэд ТЕГ эрүү үүсгэн шалгаж буй юм.

Нөгөөтэйгүүр
Б.Чойжил­сүрэн­­­гийн туслах Я.Баттогтох, Ч.Хүрэлбаатарын хүн гэгддэг
УИХ-ын рефрент байсан Ш.Чинбат нарт оюутнуудад мөнгө тарааж буй
бичлэгийг нь үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэчихсэн тагнуулынхан шалгаж
байгаа.
Хууль бусаар төрийн эрхийг авахыг оролдсон гэх хүнд
заалттай. Тэдгээр залуус төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүн ялаар ч
шийтгүүлж магадгүй болоод байгаа. Хэрвээ тэгвэл мөнгийг нь авсан
оюутнууд саналаа худалдсан хэрэгт холбогдоно. Энэ талаар УИХ-ын
сонгуулийн хуульд мөн ял эдлүүлэхээр тусгасан. Тиймээс тэдгээр
оюутнуудыг дээрх хоёр гишүүн хөлдөө чирэх нь. Иргэдэд мөнгө тараасан нь
иргэдийг шоронд илгээснээс өөрцгүй болгох ийм л нөхцөл байдал үүснэ
гэсэн үг. Тиймээс л энэ хэргээс мултрахын тулд Я.Баттогтох, Ш.Чинбат нар
мөнгө тараасан оюутнуудтайгаа хэсэг хугацаанд нуугдаж байгаад баригдсан
болж таарах нь.

Гэхдээ энэ бүх маргаан, луйвар­тай холбоотой
асуудал намуудын төлөөллөөс бүрддэг тойргийн хороогоор бус хараат бус
шүүхээр шийдвэрлэгдэх нь.

Гэхдээ эцсийн шийдвэр гартлаа багагүй
хугацаа өнгөрөх нь тодорхой. Мэдээж тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй
болгосон шийдвэрийг анхан шатны шүүх гаргавал Ч.Хүрэлбаатар нар давж
заалдах нь тодорхой. Нөгөөтэйгүүр тойргийн хорооны шийдвэр хүчингүй
болсноор тэднийг мөнгө тараасан нь нотлогдоно. Мөнгө тараасан нь
нотлогдвол хуулийн бус аргаар төрийн эрхийг авсан хэрэгт унана. Ингээд л
хэрэг ар араасаа хөвөрнө. Тиймээс л тэд эцсээ хүртэл давж заалдах нь
гарцаагүй. Харин шүүх хэрхэн шийдэх нь цаг хугацааны л асуудал.
Хөдлөшгүй баримт, нотолгоотой хэргийг тойр­гийн хороо шиг хууль
зөрчөөгүй байна гэж шүүгчид дүгнэхгүй нь тодорхой биз.

Өмнө нь
шүүхийн шийдвэр гарсан ч мөнгө тараасан этгээ­дүү­дийг яаж ч чаддаггүй
байсан бол энэ удаад огт өөр. Тойргийн хорооны шийдвэр хууль бус гэдгийг
тогтоовол шууд л гишүүнээс нь хасах хуультай.

Тиймээс л мөнгө
тараах нь өөрийнхөө толгойд олс угласнаас ялгаагүй байсан учраас
улстөрчид түүнээс татгалзаж байсан билээ. Харин хуучин шигээ хууль
үйлч­лэхгүй гэж санасан этгээдүүдийг харам­салтай ирээдүй хүлээж буй
бололтой. Ямартай ч саналыг нь худалдаж авах гэсэн этгээдүүдийг илчилсэн
иргэд шүүхээр гомдлоо шийдүүлэх боллоо. Хууль зөрчигчид харин хэцүүхэн
суугаа.

Хүрлээ, Чойжоо хоёроо гэж.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж