Цагтаа хит дуунуудаараа сонсогчдыг байлдан дагуулж байсан Британийн “Girls Aloud” охидын хамтлаг 2009 онд сүүлийн цомгоо гаргаад жилийн хугацаатай уран бүтээлийн завсарлага авах тухайгаа мэдэгдсэн билээ. Гэвч өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамтлагийн охид нам жим байж, харин Шерил Коул ганцаарчилсан уран бүтээл туурвиж байсан юм.
Тэгвэл “Girls Aloud” хамтлагийн охид саяхан “Something New” гэдэг шинэ сингл гаргасан тухай мэдэгджээ. Энэ тухай хамтлагийн гишүүд “Twitter”, “Facebook” хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ дуулгасан байна. “Girls Aloud” хамтлагийн бүсгүйчүүд шинэ дууныхаа сурталчилгааны клипэнд шаргал өнгийн богино даашинзаар гоёжээ. Тэд ирэх баасан гаригт шинэ уран бүтээл, цаашдын төлөвлөгөөний талаар албан ёсоор танилцуулах гэнэ.
“Girls Aloud” хамтлаг 2002-2008 оны хооронд идэвхтэй уран бүтээл туурвиж байсан бөгөөд “Brit Awards”-д таван удаа нэр дэвшиж, 2009 онд "The Promise" хэмээх дуугаараа “Best Single” шагнал хүртсэн байна.
Б.АНХТУЯА