МАН-аас 8000 нэр дэвшигч өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

МАН-аас 8000 нэр дэвшигч өрсөлдөнө

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар орон нутгийн сонгуульд тус намаас нэр дэвшигчид болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МАН анхан шатны үүрүүдээр дамжуулан орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж дуусчээ. Намын 30000 гаруй гишүүн орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөнөөс анхан шатны үүрүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, гишүүдийн саналаар нэр дэвшигчдийг сонгосон байна. Сонголтоор орон нутгийн сонгуульд 8000 гишүүн нэр дэвшихээр болжээ. Үүнээс 1386 нэр дэвшигч аймаг, дүүргийн хуралд, 7000 гаруй нэр дэвшигч сумын хуралд нэр дэвшиж байна.  Аймаг, дүүрэгт нэр дэвшигчдийн 32 хувь нь эмэгтэйчүүд байгааг онцоллоо. Тухайлбал, Сэлэнгэ аймагт намын нэрсийн жагсаалтаар дэвшигчдийг эмэгтэйчүүд тэргүүлж байгаа аж. Хамгийн чухал нь МАН 4/25-ын зарчим буюу эмэгтэйчүүд, залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг жигд төлөөлүүлэх зарчим баримталж ажиллаж байгаа гэлээ. Мөн эмэгтэйчүүдийн төлөөллийг ахиу хангаж, эмэгтэйчүүдийг дэмжиж оролцоно гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар онцлов.

Нийт нэр дэвшигчдээс 40 хүртэлх насны залуус 52 хувь, 41-52 насных 29 хувь, 53-аас дээш насных 19 хувийг эзэлж байгаа аж. Хөдөө орон нутагт нийт нэр дэвшигчдийн 75 хувь нь эрэгтэй, 25 хувь нь эмэгтэй. МАН “Ард түмнээ сонсъё, Ард түмнээсээ сонгоё” уриатайгаар сонгуульд оролцож буй гэсэн юм. Цаашдаа нэр дэвшигчид орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдээ сонсч, тэдний төлөө ажиллах мөрийн хөтөлбөрөө сонгуулийн сурталчилгааны явцад таниулна гэв.

Энэхүү хурлын дараа  В.И.Лениний хөшөөг нураасантай холбоотой мэдээлэл хийнэ гэж байсан ч цуцалжээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Аливаа улс оронд хөшөө дурсгалаа нураагаад байдаг практик байдаггүй. Хөшөө дурсгал бол аливаа улс орны түүхийг харуулсан, өв соёлын дурсгал байдаг. Хөшөөтэй зууралдахын оронд улс оронд хэрэгтэй, ард иргэдэд хэрэгтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж