Буудайн урамшуулалд мөнгө хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Буудайн урамшуулалд мөнгө хүслээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцлээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын танилцуулснаар тус яамны 2013 оны урсгал зардлыг 312,9 тэрбум, хөрөнгө оруулалтыг 121,9 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ. Улаанбуудайн үйлдвэрлэлийн тонн тутамд өмнө нь 50 мянган төгрөгийн урамшуулал үзүүлж байсан бол түүнийг 100 мянган төгрөг болгон өсгөөд байгаа юм. Тиймээс энэ оны болон ирэх жилийн буудайн урамшуулалд нийт 30 тэрбум төгрөг дутуу байгааг төсөвт нэмж суулгахыг сайд Х.Баттулга хүслээ.

Гишүүн М.Зоригт Сүхбаатар аймгийн ХАА-н газар хувийн хэвшлээс хөрөнгө оруулж барьсан барилгад шилжиж орсон. Түүний 890 сая төгрөгийг ирэх жилийн төсөвт тусгаж оруулах санал дэвшүүллээ. Тэрбээр мөн малын вакциныг чанартай болгож, жил бүр тарилга хийх биш, нялх төлийг төрмөгц нэг л удаа вакцинжуулж байхуйц сайн чанарын шинэ вакцин үйлдвэрлэх шаардлагатай байгааг хэлэв. Гишүүн Б.Гарамгайбаатар Хөвсгөл, Хэнтий аймгийн мал эмнэлгийн лабораторийн барилгад санхүүжилт хүсэв. Х.Баттулга сайдын танилцуулснаар ирэх жил 82,1 тэрбум төгрөгийг чацаргана, жимс, жимсгэний үйлдвэрлэл хөгжүүлэх, органик хүнс буюу химийн бордоогүй хөрсөнд ургуулсан хүнсний ногоонд зориулахаар болжээ.

“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд сумдын мал эмнэлэг, үржлийн газруудын үйл ажиллагаанд анхаарахаар болжээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төсвийг хэлэлцэх үеэр гишүүн Б.Наранхүү ашигт малтмалыг олборлосон газарт нөхөн сэргээлт сэргээлт хийх, түүнд зориулсан мөнгийг төсөвт суулгах хэрэгтэйг хэллээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж