Үндэсний урлагийн охь

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

“Үзмэр амилах цагаар” булангаараа Монголын театрын музейн сан хөмрөгөөс  танилцуулдаг билээ. Энэ удаа нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” аялгуут жүжиг хэрхэн бүтсэн, дуурь болж амилсан  талаар Монголын театрын  музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Амаржаргалын тайлбарласнаар хүргэж байна.

БОДИТ АМЬДРАЛААС СЭДЭВЛЭСЭН АНХНЫ АЯЛГУУТ ЖҮЖИГ

1934  онд төрийн шагналт, зохиолч Д.Нам­даг Улсын төв театр буюу “Бөмбөгөр ногоон”-ы жүжигчид шинэ жүжгийн зохиол­гүй байгаа талаар яруу найрагч Д.Нацагдоржид хэлсэн байна. Их зохиолч   “Надад нэгэн аялгуут эмгэнэлт зүйл бичих сэдэв байгаа” гэснээр автономитын үед үзэсгэлэнт сайхнаараа дуунд мөнхөрсөн  Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралыг ярьжээ. Үүнийг хэрхэн тайзнаа тавьж үндэсний аялгуут жүжгийг бий болгох талаар тэр хоёр ярилцаж, төлөвлөгөө гаргав. Энэ бол “Учиртай гурван толгой” анхны  аялгуут жүжиг байлаа. Бүх үйл явдал нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт жүжиг байхаар тохирчээ.

Ингээд Д.Нацагдорж хоёр хоногийн дараа тус аялгуут жүжгийн нэгдүгээр хэсгийг бичив. Энэхүү хэсэг нь Д.Намдагт таалагдсан тул шууд сургуулилтадаа оржээ. Анхны жүжгийн бэлтгэлийг хийхээр болоход Юндэнд Ц.Цэгмид, Нансалмаад Т.Хандсүрэн, Бал­ганд Жадамбаа, Хоролмаад Дэвээ, хоёр бэргэндэгчид Сосорбарам, Дагийсүрэн, бэр буулгагчид Цэндээхүү, Нацагдорж нар тоглохоор бол­сон байдаг. Жүжиглэх дуу­лах дуунуудаа “Гантөмөр”, “Цэнхэрлэн харагдана”, “Гунан хар”, “Юндэн гөөгөө” зэрэг ардын дуунаас сонгон авчээ. Жүжигчид сургуулалтаа эхэлж бэлэн болох үед хоёрдугаар үзэгдэл бэлэн болсон ч гурав нь болон сүүлчийн үзэгдэл нь нэлээд удаж мэндэлжээ. Тайз заслыг Савелов гэдэг орос Цэрэндорж мужаантай хамтран хэд хоногийн дотор бэлэн болгожээ. Ингээд удалгүй анхны аялгуут жүжиг бэлэн болж  тоглосон байна. Жүжигчдийн ур чадвар сайн байсан ч ганц дутагдал нь хоолойн уран чадвар байсан гэдэг. Гэсэн ч “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа амжилттай тогложээ.

АЯЛГУУТ ЖҮЖГИЙГ ДУУРЬ БОЛГОН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛСАН НЬ

1942 онд “Улсын төв театр”-т шинэ зохиол дутагдаж, жүжигчид хуучин жүжгүүдээсээ сонгон шинэчлэх үед жүжигчин З.Цэндээхүү  “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг шинэчлэн тоглохыг санал болгожээ. Зохиолч Ц.Дамдинсүрэн цомнолыг засварлан бичиж, А.Рабинович, гавьат жүжигчин Д.Бат-Очир найруулж, хөгжмийг Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар хамтран бичиж, тайз хувцасны зураг, загварыг Н.Бщльский, Н.Цүлтэм, Л.Гаваа нар бүтээжээ. Шинэчлэн тоглолтын Юндэнд А.Цэрэндэндэв, Нансалмаад Ө.Эрэнцэнноров, Балганд Л.Лувсан, Хоролмаад В.Сүрэнхорлоо нар тогложээ. Жүжигчин А.Цэрэндэндэвийг үзэгчид одоо болтол жинхэнэ монгол төрхийг гаргаж чадсан гэж үнэлцгээдэг байна. Ц.Дамдинсүрэн цомнолыг засварлахдаа гол дүр нь үхэж эмгэнэлтэйгээр төгсдөг хэсгийг ардын тэмцлийн ялалтаар төгсгөж, хувьсгалын өмнөх драм болгон өөрчилжээ. Анх найман жүжигчид тоглодог байсныг болиулж 30-40 хүн тоглуулахаар болгож, ардын дууг аялгуут хөгжмийн зохиолтой болгож, хуучин гурван уулын дунд үйл явдал болж байсныг өөр хоорондоо ялгаатай газарт болгож өөрчилжээ. Мөн олны хэсгийн дууны үгийг шинээр бичжээ. Эхлэл төгсгөлд нь олны бүжиг оруулсан. Энэхүү шинэчлэлтүүд нь амжилттай болж үзэгчдэд ихээр таалагдсан гэдэг.

Б.МАРАЛ

“ӨДРИЙН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж