Зарим гишүүд уран олборлохыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Зарим гишүүд уран олборлохыг эсэргүүцэв


УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Ганбаатар, Ж.Эрдэнэбат нар сая хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд Монгол Улсын ирэх оны төсвийн төсөлд уран олборлох талаар тусгасныг шүүмжилж сэтгүүлчдэд хандсан юм.

Гишүүн Я.Содбаатар “Монгол Улсын 2013 оны төсвийн төсөлд Засгийн газар, Ерөнхий сайдын багцад цацраг идэвхт ашиг малтмал ашиглах, уран олборлох талаар тусгаад байна. Бид ураны үйлдвэрлэлийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлгэж байна. Уран олборлох нь Монголд мөрдөгдөж байгаа хуулийн заалтуудыг зөрчиж байна. Ураны Хайрхан, Хараат ордууд нь “Гурвансайхан” компанийнх, Гурванбулагийн орд нь Хятадын төвийн эрчим хүчний компанийн мэдэлд бий. Дулаан-Уул нь Францын “Арево” компанийн мэдэлд байгаа. Эдгээр нь стратегийн ач холбогдолтой ордууд учраас УИХ-аас Монголын төрд ногдох хувь нэмжээг тогтоох ёстой. Хэрэв улсын хөрөнгөөр хайгуул хийж нээсэн бол Монголын төр 51-ээс дээш, хувийн хэвшлийн хөрөнгө орууулалтаар ордыг нээсэн бол төр 34-өөс дээш хувийг үнэ төлбөргүй  эзэмших ёстой.

Ураны ордуудын байршил нь Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутаг дэвсгэрт оршдог. Тэнд говийн газрын гүний усан хангамжийн гурван гол цэгийн хоёр нь байдаг. Экологийн эмзэг бүтэцтэй бүс нутаг юм. Ураныг олборлохдоо газрын хөрсний гүн рүү хүхрийн хүчил шахаж уусган баяжуулах аргаар олборлодог. Энэ нь говийг цөлжүүлэх аюултай. Чехэд ийм аргаар уран олборлож байгаад хааж 15 жилийн турш нөхөн сэргээлт хийж байна. Одоо Казахстан л ийм уусган баяжуулах аргаар уран олборлодог.

Ерөнхий сайдын багцад зарцуулалт нь тодорхойгүй 50 тэрбум төгрөг тусгасныг уранд зориулах гэж байгаа юм болов уу гэж хардаж байна” гэлээ.

Гишүүн С.Ганбаатар “Энд Оюутолгойг гэрээ давтагдах гэж байна. Эрдэмтдийн саналыг авсангүй. Иргэдээ сонссонгүй. Эцсийн шийдлийг хамтарч гаргах ёстой. Монгол Улс Хятадын эдийн засгийг тэтгэх гэж биш, 2,7 сая иргэдийнхээ төлөө эдийн засгаа хөгжүүлэх ёстой” гэсэн бол гишүүн Ж.Эрдэнэбат “Гурвансайханы ордыг Канадын корпорац 30 хувь, ОХУ-ын “Геологи разведка” 15 хувь, Монголын тал 15 хувь эзэмшдэг. Канад, Францын компаниуд уран олборлох гэж байгааг эсэргүүцэж байна” гэж байлаа.

Өмнөх УИХ-ын үед сайд асан Г.Занданшатар, Д.Зоригт нар цөмийн хог шаар Монголд булшлах гэрээ хийсэн гэсэн яриа гарч байсан. Тэр үед чимээгүй байсан атлаа өнөөдөр яагаад Төсвийн төсөл ярих үеэр улстөржөөд буйг тодруулахыг хүссэн сэтгүүлчийн асуултад гишүүн Я.Содбаатар “Одоо цаад эзэд нь тодорч байгаа юм болов уу. Цөмийн энергийн түүхий эд гарагсан улс эргүүлж шаарыг нь авч нутагтаа булшилдаг номтой. Хүч түрж хууль батлахаас өмнө ил гаргаж хэлж байгаа юм шүү. Хамгийн хаалттай төсөв явж байна” гэснээр хурал өндөрлөлөө.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж