Газрын тосны татварын хөнгөлөлтийг цуцалъя гэлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Газрын тосны татварын хөнгөлөлтийг цуцалъя гэлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй гэсэн санал дүгнэлтээ тус байнгын хорооноос Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо. Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл зэрэг нэлээд олон төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтын дагуу хувь хүний орлогын албан татвараас хүүгийн орлогыг чөлөөлж байсан юм. Харин 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүүгийн орлогод 10 хувийн албан татвар ногдуулж эхлэхээр болжээ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хүүгийн орлогод зээлийн хүү, харилцах дансны үлдэгдэл, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг буюу бонд, хууль болон гэрээний дагуу авч байгаа хүү хамаарах аж. Эдгээр орлогоос хуулийн дагуу Засгийн газрын өрийн бичиг  буюу бондын төлбөр, хүүгийн орлогыг албан татвараас чөлөөлж байгаа юм.

Энэ 2012 оны байдлаар иргэдийн хугацаатай хадгаламжийн хэмжээ 586,2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2,1 их наяд төгрөгт хүрсэн бол хугацаагүй хадгаламж 340,2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 1,2 их наяд төгрөгт хүрсэн байна. Хугацаатай хадгаламжийн хэмжээ 66,2 хувиар буюу 1,3 их наяд төгрөгөөр өссөн нь банкны салбарын эх үүсвэрийн хугацааг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлсэн гэж үзжээ. Монголбанкнаас гаргасан мэдээгээр 2011 оны харилцах, хадгаламжийн хүүгийн орлогын жигнэсэн дундаж хүү төгрөгийн хувьд 10,5 хувь, валютын хувьд 4,5 хувь байгаа аж.

Монголын банкны систем хөгжлийн шатандаа явж буй энэ үед иргэдийн гар дээрх бэлэн мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгийг хөдөлгөгч хүч хөрөнгө оруулалтад зориулах нь нийгэм, эдийн засагт эерэг үр дагавар авчирах, нөгөөтэйгүүр хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авсанаар иргэд банкнаас хадгаламжаа татах, банк санхүүгийн системд доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогын зарим хэсгийг чөлөөлөх нь зүйтэй гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна.

Ингэж чөлөөлөхдөө зөвхөн нэг банкинд байгаа нэг хадгаламж эзэмшигчийн 100 сая төгрөгөөс дээш хэмжээний, нэг жилээс бага хугацаатай, өөрөөр хэлбэл хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогод албан татвар ногдуулахаар болсон юм. Харин бусад тохиолдолд хадгаламжийн хүүгийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. Дээр заасан 100 саяас бага болон хугацаатай хадгаламжид 2016 он хүртэл гурван жилийн хугацаанд албан татвар ногдуулах шаардлагагүй гэж хуулийн төсөлд тусгаад байна. Гишүүдийн дийлэнх хадгаламжийн хүүд 2016 он хүртэл татвар ногдуулах шаардлагаүй гэж үзсэн юм.

Үүний дараа Гааль, НӨАТ-ын тухай хуулиудын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 2000 оноос эхлэн газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааны зориулалтаар импортолсон бараа бүтээгдэхүүнд ногдох татварын чөлөөлөлтийг өнөөг хүртэл эдлүүлж байгаа.Газрын тос хайх, олборлох асуудлыг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулж 10 гаруй жил татвараас чөлөөлж ирсэн. Олон улсын туршлагаар бол газрын тосны чиглэлээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар хэрэгжүүлж буй төсөлд албан татвар ногдуулдаг аж.

Иймд олон улсын жишигтэй нийцүүлж татварыг тэгш, шударга ногдуулах асуудлын хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах бодлого баримтлах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Монголд газрын тосны хайгуул, туршилтын олборлолтын үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил болж байгаа.  Одоо хайгуулын шатнаас олборлолтын шат руу шилжиж эхэлж байгаа юм.

Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК,  “Доншен газрын тос” ХХК-иуд 2012 оны эхний найман сарын байдлаар импортолсон 94,4 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлшинд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлт эдэлжээ. Эдлүүлж байгаа чөлөөлөлтийн хугацаа хязгааргүй байгаа нь татварыг тэгш, шударга ногдуулах,үл ялгаварлах зарчимтай зөрчилдөж байна гэж гишүүд үзлээ.

Газрын тосны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг богино хугацаанд үр ашигтай хийх, засгийн газарт ногдох үр ашгийн хугацааг наашлуулах зорилгоор энэхүү чөлөөлөлтийн заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж байлаа. Ингэснээр 2013 онд 10,2 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх боломжтой болж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас Атрын III аян хөтөлбөрийг 2008 онд зарлаж хэрэгжүүлсэн. Аяны хүрээнд хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн юм. Засгийн газраас хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих олон арга хэмжээ авсны үр дүнд Атрын III аян амжилттай хэрэгжин төмс хүнсний ногоо, улаанбуудай, гурилын үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүрсэн.

Атрын III аян үр дүнтэй хэрэгжиж, татварын чөлөөлөлтийн үндсэн зорилго нь биелсэн тул татварын чөлөөлөлтийг 2013 оноос дуусгавар болгохоор тооцож төсөлд тусгаад байсан юм. Үүний үр дүнд төсвийн орлого ирэх онд найман тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой ажээ. Гэхдээ үүнийг хойшлуулах нь зүйтэй гэж гишүүд үзлээ.

Монгол Улс оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор 2005 оноос тус үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж ирсэн.  Энэ хууль онцгойлон нэг салбарт хязгааргүй хугацаагаар үйлчилж байгаа нь татварын тэгш, шударга, үл ялгаварлах зарчимтай зөрчилдөж байна. Тарифын бодлогын хүрээнд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж, тодорхой үр дүнд хүрчээ. Иймд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгохоор тусгаснаар төсөвт 1,3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой гэж төсөлд тусгаад байв.

Энэ оны эхний найман сарын байдлаар нийт чөлөөлөгдсөн импортын 6,4 хувийг, нийт татварын чөлөөлөлтийн 17 хувийг энэ хуулийн дагуу үзүүлсэн байна. Хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсноор ирэх 2013 онд 10,5 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэхээр байна гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан ч гишүүд уг асуудлыг мөн хойшлуулахаар боллоо. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх үүднээс татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх ёстой гэж гишүүд үзсэн юм.

Эдгээр асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр гишүүд байр сууриа нэгтгэснээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж